Нью-Йоркийн марафонд гүйж байсан бүсгүй барианд орохын өмнө бие нь муудан, эмнэлэгт өөд болжээ

АНУ-ын Нью-Йорк хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд болсон TCS New York City Marathon уралдаанд оролцож байсан 24 настай Рэйчел Апа (Rachel Apa) барианд орохоос ердөө 3.2 км орчмын зайд ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар өөд болжээ.
Пенсильвани мужийн Льюисберри хотын оршин суугч тэрбээр анх удаа бүтэн марафонд оролцож байсан бөгөөд өвчний улмаас 2022 онд нас барсан өвөөгийнхөө дурсгалд зориулан Паркинсоны сангийн хандивын аянд нэгдэж, гүйж байжээ.
Рэйчел Апа Нью-Йоркийн Сентрал паркт марафоны 38 км-ийн орчимд буюу барианаас 3 км зайд гүйж байхдаа гэнэт ухаан алдан унасан байна. Тухайн үед ойр байсан хүмүүс түүнд анхны тусламж үзүүлж, зүрхний иллэг хийсэн бөгөөд уралдааны эмнэлгийн баг яаралтай тусламж үзүүлжээ. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн ч эмч нар зургаан цаг гаруй амь насыг нь аврахаар оролдсоны эцэст тухайн өдрийн орой 21:40 цагт нас барсныг нь баталсан байна.
Аав нь охиндоо "Битгий яараарай, аядуу гүйгээрэй" гэж захижээ
Рэйчелийн аав Стив Апа охиныхоо гүйлтийг Пенсильвани дахь гэрээсээ марафоны аппликейшнээр дамжуулан ажиглаж, замын турш мессеж бичиж байжээ.
Тэмцээний эхний хэсэгт Рэйчел аавдаа “Үнэхээр сайхан байна. Өмнө нь хэзээ ч ингэж сайхан мэдэрч байгаагүй” хэмээн бичсэн байна. Харин аав нь түүнд “Гайхалтай байна. Гэхдээ битгий хэт ачаалал аваарай. Энэ бол чиний анхны марафон. Туршлага хуримтлуулах гүйлт шүү. Битгий яараарай” гэж захижээ.
Гэвч гүйлтийн 29 км-ээс охин нь өвдөж байгаагаа мессежээр илэрхийлж эхэлсэн байна. Тэрбээр “Өвдөж байна” хэмээн бичихэд аав нь бараг 30 км-ыг амжилттай давсныг нь урамшуулжээ. Үүний дараа Рэйчел дахин “Бие өвдөж байна” гэж бичсэн бөгөөд аав нь түүнд хурдаа тохируулж, өөрийгөө гамнахыг сануулсан байна.
Тэмцээний 37 км-т аав нь “Хурд биш, барианд орох нь чухал” хэмээн бичжээ. Харин 38,6 км орчимд охиных нь байршил марафоны аппликейшн дээр хөдлөхөө больсон байна. Аав нь дахин мессеж илгээж, ээж нь түүн рүү очиж явааг хэлсэн ч охиноосоо хариу авч чадаагүй аж.
Стив Апа охиноо эрүүл чийрэг, спортоор тогтмол хичээллэдэг байсан бөгөөд марафонд оролцохын тулд хэдэн сарын турш бэлтгэл хийсэн гэж ярьжээ. Тэрбээр охиноо нас барсныг сонсоод “Итгэмээргүй байна. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй, биеийн хөгжил сайтай, дөнгөж 24 настай байсан” хэмээн хэлсэн байна.
Аавынх нь мэдээлснээр эмч нар Рэйчелийг рабдомиолиз (rhabdomyolysis) гэх ховор эмгэгийн улмаас нас барсан гэж оношилжээ. Энэ нь булчингийн эд гэмтэж, задарснаар түүний доторх бодисууд цусны эргэлтэд орж, бөөр зэрэг эрхтнийг гэмтээх аюултай эмгэг юм. Хэт ачаалалтай биеийн хүчний дасгал хөдөлгөөн нь уг эмгэгийг өдөөх хүчин зүйлсийн нэг болдог байна. Гэхдээ АНУ-ын шүүх эмнэлгийн байгууллага түүний нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоохоор шалгаж байгааг Associated Press мэдээлжээ.
Рэйчел 2024 онд Бакнеллийн их сургуулийг төгсөж, тус сургуулийн талбайн хоккейн багт тоглож байсан тамирчин юм. Тэрбээр ажлынхаа хажуугаар бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж эхлээд байжээ.
Түүний өвөө Паркинсоны өвчнөөр 2022 онд нас барсан бөгөөд Рэйчел өвөөгийнхөө дурсгалд зориулан Паркинсоны сангийн хандивын аянд оролцохоор марафонд гүйсэн байна. Түүний эхлүүлсэн 4,000 ам.долларын хандивын зорилт нь бүсгүйг нас барсан тухай мэдээ тарсны дараа давж биелжээ.
Марафоныг зохион байгуулагч New York Road Runners байгууллага Рэйчелийн гэр бүл, найз нөхөд болон гүйлтийн спортын хамт олонд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: AP news, BBC, Yahoo news
Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?
Сэтгэгдэл (0)
- Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!
