Өрх бүр үйлдвэрлэе
Дэлхий нийтээр урд хөршид тархаад буй ковид-19 вирустай тэмцэж байгаа энэ цаг үед урьдчилан сэргийлэх хэрэгсэл, тэр дундаа маскны хомсдол нийгэмд үүсээд байна.
Хэдийгээр тодорхой тоогоор зах зээл дээр амны хаалтны нийлүүлэлт хийгдэж байгаа ч, эрэлт хэрэгцээг хангалттай нөхөж чадахгүй байгааг олон нийт хэлсээр. Тиймээс ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллага, ААН-үүд нийгэмд уриалга гаргаж, байгууллага хамт олноороо нэгдэн маск үйлдвэрлэх, өрх бүр өөрийн хэрэгцээний амны хаалтыг үйлдвэрлэх нь эдийн засагт болон хувийн ариун цэврийг сахихад сайтар тустай юм.
Нэг удаагийн амны хаалт эрэлт ихсэхээс өмнө ширхэг нь 200-300 төгрөгийн үнэтэй эмийн санд худалдаалагддаг байсан. Харин одоо хамгийн багадаа 500 төгрөг болжээ. Гэхдээ энэхүү маскны олдоц тун муу бөгөөд нэг удаагийн хэрэгсэл учир дээд тал нь 3 хүртэлх цагаар зүүх боломжтой. Харин үүний оронд чанартай даавуу худалдаж аваад, ариутгасан орчин нөхцөлд гэр бүлийнхээ гишүүдийн зүүх маскыг үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Эсгүүрээ гаргаад гэртээ маск хийчихвэл халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах нэг арга мөнөөс мөн.
Эрүүл мэндийн салбарынхан бүхий л чадлаараа ажиллаж байхад нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө уриалгыг хэрэгжүүлж чадвал, эрсдэлт өвчнөөс хамтдаа сэргийлж чадна.