Ц.Бат-Энх МАН-ын дарга У.Хүрэлсүхээр “заалгахгүй”
Ерөнхий сайд нарийн бичгийн даргадаа хариуцлага ногдуулах эрхгүй ч, нэр дэвшүүлэхгүй байх эрхтэй байлгүй дээ. Учир нь МАН-ын нарийн бичгийн Ц.Бат-Энх БНСУ-аас ирэхдээ Японоор дамжиж, улмаар эх ородоо ирмэгц тусгаарлалтад хамрагдахгүй хэмээн “пээдийсэн” талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүгээр ч зогсохгүй “баривчлагдан” байж цэргийн эмнэлэгт хүргүүлсэн байдаг.
Энэ тухай мэдээлэл МАН-ын дарга, Ерөнхий сайдын чихэнд хүрмэгц У.Хүрэлсүх Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгахыг генесктээ үүрэг болгосон. Гэвч Ц.Бат-Энхийг нарийн бичгийн даргаас нь “мултлаагүй” төдийгүй тэгэх эрх мэдэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дутжээ.
Тодруулбал, Ц.Бат-Энхийг МАН-ын Бага хурлаар сонгосон учраас дүрмийн дагуу албан тушаалаа өгөх ёстой аж. Үндсэндээ Бага хурлын шийдвэрээр асуудлыг шийдвэрлэх юм.
Үүнийг нь мэдмэгцээ Ц.Бат-Энх “МИАТ-аас мөнгө төгрөг нэхсэн энэ тэрээ зүйл байхгүй. Улайм цайм гүтгэлэг гэж ойлгож байна. Би бүх шаардлагыг биелүүлээд явсан. Энэ талаар анхны мэдээллийг өгсөн zarig.mn сайтыг хууль хяналтын байгууллагад өгч байгаа. 200 гаруй хүний нүдэн дээр болж байгаа үйл явдлыг амьд гэрч нар байхад ингэж бичиж байгааг шууд санаатай үйлдэл гэж харж байна. Онгоцонд байсан тэр олон хүн цагдаа, гав, баривчилгаа болоогүй гэдгийг харсан. Би ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй, хэрэг төвөг хийгээгүй. Ажлаас чөлөөлөгдөх шалтаг шалтгаан байхгүй гэж бодож байгаа. Би намын бага хурлаас сонгогддог сонгуульт албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан. Чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Миний эсрэг зохион байгуулалтад орж, илт гүтгэлэгт шилжиж байгаа юм байна. Гэхдээ би айхгүй.” хэмээн ярьжээ.
Уг нь тэрбээр МАН-ын дарга У.Хүрэлсүх өөртэй нь хариуцлага тооц хэмээхэд аниргүй байснаа гэнэтхэн хуулийн гаргалгаагаа олмогц том дуугарч эхэлжээ. Яах вэ, нарийн бичгийн даргаар үлдэх боломжтой ч нэгэнт намынхаа нэрийг шороотой хутгасан учраас түүнд нэр дэвших эрхийг харин МАН-ын дарга олгох болов уу даа.
Erennews.mn