АНУ, ОХУ зэвсгийн экспортоор тэргүүлсэн хэвээр байна
Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн /SIPRI/ дэлхийн зэвсгийн зах зээлийн байдлын талаарх жил тутмын тайлангаа нийтэлжээ. Тайлангаас үзвэл, 2015-2019 онд дэлхийн зэвсгийн худалдаа өнгөрсөн дөрвөн жилийнхтэй /2010-2014/ харьцуулахад 5.5 хувиар өссөн бол АНУ болон ОХУ зэвсгийн гол экспортлогч хэвээр байна.
Тайланг гаргагчид мөн Ойрхи Дорнод руу их хэмжээний зэвсэг нийлүүлж байгааг онцолсон байна. Энэхүү бүс нутгийн зэвсэг гол импортлогч улс нь Саудын Араб болжээ.
ОХУ-ын экспорт
Сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ-ын зэвсгийн экспортын хэмжээ дэлхийн зах зээлийн 21 хувийг эзэлсэн нь 2010-2014 оны үзүүлэлтээс 6 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Зэвсгийн худалдааны салбар дахь Оросын гол түнш болох Энэтхэгт нийлүүлдэг зэвсгийн хэмжээ 47 хувиар буурсан байна. Оросын зэвсгийг дэлхийн 47 улс худалдан авсны 55 хувийг Энэтхэг, Хятад болон Алжирт экспортолжээ Бүс нутгийн түвшинд экспортын 57 хувийг Ази, Номхон далай, 19 хувийг Ойрхи Дорнод, 17 хувийг Африк, 5.7 хувийг Европ, 0.8 хувийг Өмнөд болон Хойд Америкийн орнууд эзэлсэн байна.
Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Оросын зэвсгийн экспорт сүүлийн таван жилийн хугацаанд 2010-2014 оныхтой харьцуулахад 30 хувиар өсчээ. Тус бүс нутаг дахь Оросын зэвсгийн гол худалдан авагч нь Египет /49 хувь/ болон Ирак /29 хувь/ улс байсан байна. 2010-2014 оныхтой харьцуулахад Иракт нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 212 хувиар, Египетийнх 191 хувиар тус тус өсчээ.
Хэдийгээр 2015 оноос хойш Сирид цэргийн дэмжлэг үзүүлж байгаа боловч тус улсад нийлүүлсэн Оросын зэвсгийн хэмжээ 87 хувиар буурч, бүс нутгийн зэвсгийн нийт экспортын 3.9 хувийг, дэлхийн экспортын 0.7 хувийг эзэлсэн байна
Гол экспортлогч орнууд
АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2015-2019 онд 23 хувиар өссөн бол дэлхийн зэвсгийн худалдааны 36 хувийг хангажээ. Америкийн зэвсгийг 96 улс худалдан авсан байна.
“Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-ын зэвсгийн экспортын тал хувь нь Ойрхи Дорнодын орнуудад ногдсон бол харин тус бүс нутагт нийлүүлсэн зэвсгийн тал хувийг Саудын Араб худалдан авсан. Үүний зэрэгцээ Америкийн орчин үеийн цэргийн нисэх онгоцны эрэлт ялангуяа Европ, Австрали, Япон, Тайваньд нэмэгдсэн” гэж “SIPRI”-гийн ахлах судлаач Питер Веземан тэмдэглэжээ.
Түүнчлэн Францын зэвсгийн экспорт сүүлийн таван жилийн хугацаанд 1990 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт хүрч нэмэгджээ. 2015-2019 онд тус улсын экспорт өнгөрсөн дөрвөн жилийнхтэй харьцуулахад 72 хувиар өсч, дэлхийн зэвсгийн экспортын 7.9 хувийг эзэлсэн байна. “Францын цэргийн үйлдвэр Египет, Катар, Энэтхэг дэх зэвсгийн эрэлтээс ашиг хүртсэн” гэж “SIPRI”-гийн судлаач Диего Лопес Да Сильва онцлон дурдлаа.
Тэрбээр мөн Германы зэвсгийн худалдаа 17 хувиар өсч, дэлхийн экспортын 5.8 хувийг бүрдүүлснийг онцлов.
Зэвсгийн гол экспортлогчдын жагсаалтын тавдугаарт бичигдсэн БНХАУ-ын зэвсгийг худалдан авагч орнуудын тоо 2010-2014 онд 40 байсан бол 2015-2019 онд 53 болж нэмэгдэж, тус улсын зэвсгийн экспорт 5.5 хувиар өссөн байна.
Гол импортлогч орнууд
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Ойрхи Дорнодын орнуудын зэвсгийн импорт өнгөрөгч дөрвөн жилийнхтэй харьцуулахад 61 хувиар нэмэгджээ. Одоогийн байдлаар эдгээр улс дэлхийн зэвсгийн экспортын 35 хувийг эзэлж байна.
Зэвсгийн импортоор эхний байранд Саудын Араб орсон байна. 2015-2019 онд тус улсын зэвсгийн худалдан авалтын хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 130 хувиар өсч, нийт импортын 12 хувийг эзэлжээ. АНУ болон Их Британи хөрш Йемен улсад явуулж буй Саудын Арабын цэргийн ажиллагааны талаар түгшиж буйгаа мэдэгдсэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд тус улсад зэвсэг нийлүүлсээр байсан байна. Саудын Арабын худалдан авалтын 73 хувь нь АНУ, 13 хувь нь Их Британид ногджээ.
Зэвсгийн импортоор хоёрдугаарт Энэтхэг бичигдсэн бол тус улсын хөрш Пакистан 11 дүгээрт орсон байна. “Цөмийн гүрнүүд болох Энэтхэг, Пакистан хоёр өмнөх жилүүдийн нэгэн адил 2019 онд импортын гол зэвсгүүдийг ашиглан харилцан бие биедээ халдсан. Дэлхийн зэвсгийн гол нийлүүлэгч орнууд хэдэн арван жилийн турш тус хоёр улсыг зэвсгээр хангаж ирсэн бөгөөд ихэвчлэн хоёр талд зэрэг нийлүүлдэг” гэж “SIPRI”-гийн ахлах судлаач Симон Веземан тэмдэглэсэн байна.
Гурав дахь том импортлогч болох Египет улс зэвсгийн худалдан авалтаа гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тус улсын дараагаар дэлхийн зэвсгийн нийт импортын 4.9 хувь, 4.3 хувийг тус тус эзэлсэн Австрали болон БНХАУ бичигджээ.