COVID 19: Азид дэгдэлтийн хоёр дахь давалгаа эхэлнэ
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19-ын халдвар дэлхийн 173 оронд тархсан байна. Шинээр 5 оронд өвчлөл нэмэгдсэн. Ихэнх тохиолдлууд арлын оронд бүртгэгдсэн.
Европын орнуудад буюу Итали, Испани, Франц, АНУ, Итали, ХБНГУ, өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна. Гадаадын зарим улсад гаднын иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.
COVID-19 өвчлөл анх бүртгэгдсэн эхний гурван сард 100 мянган хүн өвдөж байсан бол одоо зөвхөн сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр энэ халдварыг авсан байна.
Европ тивээс Ази тив рүү өвчлөл зөөвөрлөгдөх хандлага ажиглагдаж байна. Иймд эрдэмтэн судлаачид Азид хоёр дахь давалгаа гарах нь гэсэн тооцооллыг хийж байна. Учир нь Сингапурт 33 шинэ тохиолдол, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол европын орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Тиймээс бүх орныг урьдчилан сэргийлэх хамгаалах хоёр үндсэн тактикт эрчээ сулруулахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна.
Япон улс гаднын улс орноос хоёр удаа иргэдээ татан авахад 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Иймд өвчлөл гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгаа учраас хамгаалах тактикаа чангатгах хэрэгтэйг мэргэжлийнхэн анхааруулсаар байгаа юм" гэв.