ОУ-ын Театрын өдөрт: Драмын дөрвөн багана
МОНГОЛЫН ТЕАТР-ОДОО ЦАГ
Хүн хүн өөр өөрийн замаар л амьдардаг. Урлаг ч мөн адил. Урлагийг хоосноос бүтээх нэгэн байхад эвдэн шинэчлэгч ч бий, аялдан дууриагч ч бий, бүр аль ч биш болтлоо төөрөлдсөн нэгэн ч бий. Үлгэрлэвээс, алсад урсах мөрний урсгалд хог сага ч, амьдрал тэтгэх рашаан ч хумигдан одох мэт.
Хүн төрөлхтний хамгийн эртний урлаг болох театрын урлагийн Монгол дахь түүх Равжаа хутагтаас эхлэн тоологддог. Гэхдээ тайзны урлаг орчин үеийн хэв төрхөө олон хөгжсөн нь 100 хүрэхгүй жилийн түүх билээ. Энэ түүхийн төв цэг нь эдүгээгийн Улсын драмын эрдмийн театр. Наян найм дахь үзвэрийн жилийнхээ хөшгийг нээгээд буй эл театрын өдгөө цагийн урын сангийн бодлого, хөгжил шинэчлэлийн асуудлыг тодруулах гээд үзье. Театр бол найруулагчийн урлаг. Постмодерн эрин үе, театрт ямар нэгэн үйл явдал яригдахгүй, оронд нь олон бүтэц бүхий зохиомжийг үзүүлэх нь чухал гэсэн постдрамын үзэл санаа түгж буй цаг үед ч театрт гүйцэтгэх найруулагчийн үүрэг суларсангүй. Эдүгээ УДЭТ-ын уран бүтээлийг үндсэн дөрвөн найруулагчийн үзэл санаа, туурвилзүйн чиг хандлагыг тодорхойлж байна. Баярцагааны Баатар, Чойнхорын Найдандорж, Намнангийн Наранбаатар, Чимэддоржийн Түвшин хэмээх дөрвөн найруулагч. Энэ бол манай улсын хамгийн том театрын одоо цагийн дөрвөн тулгуур багана билээ.
Б.Баатарын бэлгэдлийн театр
Хэдий ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч Б.Баатар найруулагчийн найруулгын дэг, минималист шийдэл, бэлгэдэлт арга ажиллагаа Монголын театрын урлагт хэсэгтээ л хүч нөлөөтэй хэвээр байх нь дамжиггүй. Нийгмийн эргэлтийн өмнөхөн умард хөршид найруулагчийн мэргэжил эзэмшсэн энэ найруулагч Армийн театраас замналаа эхлүүлж Монголын радиод олон арван радио жүжиг бүтээж, телевизийн Ерөнхий найруулагчаас ажиллаж байсныхаа дараа их тайзнаа уригдан ирсэн нь театрын урлагт жинхэнэ олз болсон.
Судлаачид Б.Баатар найруулагчийг “Монголын Брехт” гэх мэтээр дүгнэдэг нь хөөрөгдсөн хэрэг биш юм. Брехтийн театрт авчирсан гол шинэчлэл, үзэл санаа бол мандалт, классицизм, романтизм, реализмын үеийн жүжгийн зохиолууд театрын урлагийн мөн чанарыг алдагдуулж, үгийн боол болсон дүрүүд зөвхөн үзэл санааны хэрэгсэл болж байна гэдгийг олж харсан явдал юм. Брехт бүр, “Театрын тайзнаа амьд хүн өөрийн зөрчил хямралтайгаа, үйлдэлтэйгээ гарч байх ёстой”, “тайз бол музей” биш хэмээсэн. Брехтийн энэ үзэл санаа Б.Баатарын арга барилын зөвтгөл болно. Б.Баатар хов хоосон тайзнаас бүх ажлаа эхэлдэг байв. Хэрэгцээтэй тохиолдолд л жижиг хэрэглэл, засал сэлт хийгдэх бөгөөд, хэрэв ямар ч хэрэгцээ гарахгүй бол тайзан дээр зөвхөн жүжигчнийг тоглуулсаар байгаад л буулгачихаж мэдэхээр минималист хандлага бол түүний гол чанаруудын нэг. Эсрэгээрээ жүжигчнээс өөрийгөө нээхийг, цор ганц дүр байхыг нэхэж ажиллана. Энэ нь сургуулилтын үеэр жүжигчинд халширмаар санагдах ч, жүжиг эмх цэгцэндээ орсны дараа эрх чөлөөтэй тоглох боломж олгодог. Угаас ямар нэгэн бэлэн зэлэн өгөгдөл дээр биш өөрөөсөө үүдэж ямарваа зүйлийг бий болгох ямагт бэрх зүйл байдаг. Найруулагчийн бодсон сэтгэлгээний хязгаарт жүжигчин албадлагаар биш өөрийн авьяасаар хүрнэ гэсэн үг. Тэр хязгаартаа жүжигчнээ аль чадахаараа ойртуулах нь Б.Баатар найруулагчийн зорилго болдог байсан байж мэднэ. Ингэж байж л Брехтийн хэлсэнчлэн “Тайзнаас үзүүлэх хуурмаг байдлаас салах” боломжтой. “Жүжигчин хүнд тайзнаас өөрийгөө хувь хүн болон уран бүтээлч хүний үүднээс харуулах нь чухал” гэж Брехт үзсэн. “Verfremdung” буюу “хүнийсэл”-ийн гол мөн чанар үүнд л буй.
Брехт бүр, “Театрын тайзнаа амьд хүн өөрийн зөрчил хямралтайгаа, үйлдэлтэйгээ гарч байх ёстой”, “тайз бол музей” биш хэмээсэн. Брехтийн энэ үзэл санаа Б.Баатарын арга барилын зөвтгөл болно. Б.Баатар хов хоосон тайзнаас бүх ажлаа эхэлдэг байв. Хэрэгцээтэй тохиолдолд л жижиг хэрэглэл, засал сэлт хийгдэх бөгөөд, хэрэв ямар ч хэрэгцээ гарахгүй бол тайзан дээр зөвхөн жүжигчнийг тоглуулсаар байгаад л буулгачихаж мэдэхээр минималист хандлага бол түүний гол чанаруудын нэг. Эсрэгээрээ жүжигчнээс өөрийгөө нээхийг, цор ганц дүр байхыг нэхэж ажиллана.
Б.Баатарын найруулсан “Цахлай” жүжигт жүжигчин Н.Сувдын бүтээсэн Аркадинагийн дүрийг судлаач Д.Батсайхан, В.Найдакова нар онцгойлон өндрөөр үнэлсэн нь бий. Нийгмээс аль хэдийнэ сэтгэлээрээ таслагдсан бусад хүмүүсийг шатрын хүү шиг л санах цэвдэг хатагтайн дүр Н.Сувдын хамгийн амжилттай “хүнийсэл” байсан ч байж болох. “Атга нөж” жүжигт Д.Сосорбарамын бүтээсэн Чингис хаан, Дон Кихот жүжигт Б.Жаргалсайханы бүтээсэн Дон Кихотын дүр өөр хэн нэгэнд ацаглах боломжгүй ганц хувь байдаг нь ч үүнтэй холбоотой. Эдгээр жүжигчид зөвхөн жүжигчнээр зогсохгүй, хүчирхэг хувь хүмүүс байгааг анзаарчихад илүүдэхгүй.
Б.Баатар найруулагч дүрээс урьдаар бэлгэдлээр сэтгэдэг байв. Жүжгийн хөгжил хөдөлгөөнийг символик кодчилолд оруулаад, тэдгээрийнхээ зохицолт чанарыг бий болгох нь түүний бүтээлч үйл ажиллагааны гол зарчим байсан мэт бодогдоно.
Дотроо бий болгосон гүн ухааны гаргалгаанд хүрэхийн тулд зохиол, дүрүүдийг рубикийн шоо мэт эргүүлж, үзэгдэл бүр дээр өвөрмөц дүрс, хэлбэрүүд үүсгэсээр эцэст нь ганцхан агшинд бүгд байр байрандаа орно. Гярхай үзэгчийн хувьд энэ агшин таашаал төрүүлнэ. Харин зүгээр л үзэгдэлд хөтлөгдөж суусан үзэгчид гайхширч хоцорно. Гэхдээ уран бүтээлчид ч, үзэгчид ч ямар нэг үр бодол тээсээр театраас гарах болно.
Ч.Найдандоржийн сонгодог театр
Ч.Найдандорж найруулагч театрын сонгодог уламжлал, тоглолтын арга барилыг хүндэтгэдэг гэдгээ хэнээс ч нуудаггүй. Түүний тавьсан “Ромео Жульетта”, “Тамгагүй төр”, “Эсрэг дурлал” жүжгүүд бол үүний гэрч. Энэ бол Станиславскийн арга барилаар жүжгийн зохиолыг сэтгэлзүйн тээшээр нь задалж, жүжигчдэд системтэй ажиллах, дүрд хувирах уламжлалт арга ажиллагаа гэсэн үг. “Ромео Жульетта” жүжгийн тавилтын талаарх судлаачдын шүүмжээс харж байхад Ч.Найдандорж энэ жүжиг дээр нэлээд нүсэр тавилт хийж, сонгодог арга барилаар ажиллахыг хичээсэн нь харагддаг. 1990-ээд оны дунд үед зах зээлийн эхний шуурганд өртсөн шокноос гарч чадаагүй, гоо зүйн хэрэгцээ гэхээсээ илүү аж төрөхүйн хэрэгцээ чухал байсан үед ингэхээс ч өөр аргагүй байсан байж болох.
Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус” жүжгүүдийг найруулснаар Ч.Найдандорж үндэсний онцлогтой өвөрмөц жүжгийн өвийг бий болгосон. Б.Лхагвасүрэнгийн сэргэн мандалтын үеийн хэв маягаар бичигдсэн, баялаг үгийн сан, өвөрмөц метафор бүхий түүхэн эмгэнэлт жүжгүүдийг Монголын уламжлалт аялгуулан дуудах хэв маягийн тайзны уншлага, үндэсний бүжгийн суурьтай хөдлөл хөдөлгөөнөөр дамжуулан үзэгчдэд хүргэсэн нь Ч.Найдандоржийн гэх өвөрмөц тавил, стилийг бий болгожээ.
Ч.Найдандоржийн энэ тавилт хожим найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” жүжгийн тавилтад ч тодорхой хэмжээгээр нөлөөлснийг энд дурдах хэрэгтэй.
Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус” жүжгүүдийг найруулснаар Ч.Найдандорж үндэсний онцлогтой өвөрмөц жүжгийн өвийг бий болгосон. Б.Лхагвасүрэнгийн сэргэн мандалтын үеийн хэв маягаар бичигдсэн, баялаг үгийн сан, өвөрмөц метафор бүхий түүхэн эмгэнэлт жүжгүүдийг Монголын уламжлалт аялгуулан дуудах хэв маягийн тайзны уншлага, үндэсний бүжгийн суурьтай хөдлөл хөдөлгөөнөөр дамжуулан үзэгчдэд хүргэсэн нь Ч.Найдандоржийн гэх өвөрмөц тавил, стилийг бий болгожээ.
Японы эртний роман Мурасаки Шикибүгийн “Гэнжийн туульс”-аас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” жүжгээс эхлэн найруулагч Ч.Найдандорж өөрчлөгдөж эхэлсэн. Илүү хэмнэллэг, Аристотелийн сонгодог драм, уламжлалт эргэлтээс холдохыг хичээсэн хандлага энэ жүжгээс харагддаг. Энэ магадгүй “Х-Түц” продакшнтай хамтран тавьсан “Хориотой жүжиг”-тэй ч холбоотой байж болох. Зохиолч Ц.Балдорж нийгмийн хурц асуудлыг хөндөн, шүүмжлэлт өнцгөөс бичсэн энэ жүжгийн дүрүүд ямар нэг хорио саадгүй, хоригдох зүйлгүй чөлөөт тоглолт үзүүлэхийг оролдсон. Ч.Найдандорж найруулагчийн хувьд зоригтой туршилт байсан.
Дөрвөн жилийн өмнө найруулагч Ч.Найдандорж УДЭТ-ын тайзнаа огтоос төсөөлөөгүй нэгэн жүжиг тавьсан нь Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол “Чөлөөт хос” жүжиг. Энэ жүжгээр найруулагч өөрийгөө ялж, уран бүтээлчийн хувьд урагш нэг алхсан. Монголын театрын сонгодог уламжлын гол төлөөлөгч гэж хэлж болмоор эрхэм сэтгэл зүй, биеийн хөдөлгөөний асар олон тэсрэлт, хэлбэлзэл бүхий жүжгийн палхийтэл тавьж орхив. “Хориотой жүжиг”-ийг үзээд байж болох л юм гэж бодож байсан бол “Чөлөөт хос”- ыг үзээд гайхширсан нь олон болов уу. Ч.Найдандорж найруулагчийн бүтээлүүд дунд гэр бүлийн сэдэвт драм зонхилдог. Гэхдээ “Чөлөөт хос”-ын шидсэн санаа хавьгүй хурц. Орчин цагийн хүмүүс хийгээд, гэр бүлийн харилцааны мөн чанарыг эргэцүүлсэн найруулагчийн эмзэглэл үзэгчдэд эрс шулуухан хүрнэ. Энэ нь ч оновчтой шийдэл.
Н.Наранбаатарын хэрэглээний театр
2000 онд Баабарын зохиол “Бооцоо” жүжиг дээр ажилласнаас хойш Н.Наранбаатар Монголын хамгийн эрэлттэй найруулагчдын нэг хэвээр байна. Өнгөрсөн 19 жилийн турш УДЭТ-т тавигдсан орчин үеийн сэдэвтэй ихэнх жүжгийг Н.Наранбаатар найруулж ирсэн. Н.Наранбаатарын хамгийн том давуу тал бол цаг үеэ маш сайн мэдэрдэг явдал.
2009 оноос эхлэн тэрээр сонгодог бүтээлүүдтэй зууралдаж эхэлсэн. Үүний эхнийх нь Виктор Хюгогийн ижил нэрт романаас сэдэвлэсэн “Парисын ДарьЭхийн сүм” мюзикл. Хайр дурлалын мөнхийн домгийг тайзнаа амилуулсан энэ жүжиг төдий л амжилттай шийдэл, тавилт байж чадаагүй ч, үзэгчдийг чамгүй сайн татаж, ашиг олсон. Энэ үеэс Н.Наранбаатар найруулагчийн сонгодогийг эдүгээчлэх туршилтууд эхэлсэн. Түүний туршилт, эрэлхийллийн хамгийн оргил цэг нь “Гамлет” жүжиг байсан бол уналт нь “Ромео Жульетта хоёр” жүжиг байлаа. Агуу Ульям Шекспирийн энэ хоёр жүжиг хангалттай хохирсон ч, найруулагчдаа чамгүй алдар хүндийг авчирсан билээ.
Н.Наранбаатар найруулагчийн сонгодог жүжиг дээр ажиллах гол арга бол энгийнчлэх. Ёс суртахуун, нийгмийн шүүмжлэлт санааг жүжиг дундуур зүгээр л чулуудаж орхино. “Гамлет” жүжиг дээр энэ хандлага харьцангуй бага, сонгодог уламжлалаа дагасан шинжтэй бол “Ромео, Жульетта” жүжгийн тэн хагасыг шинээр өөрчлөн бичиж, эдүгээчилсэн билээ. Нэг харахад сэргэн мандалтын үеийн драм, нөгөө харахад орчин үеийн залуусын хайр дурлал тайзан дээр өрнөсөн. Судлаач Д.Батсайхан энэ жүжгийг постмодерн драм руу хийсэн амжилттай эрэлхийлэл, судлаач У.Бямбаням дундад зуун, орчин үе хоёрын дунд гацан тээнэгэлзэж зогсоо найруулагч хэмээн үнэлсэн. Харин үүнийг бичигч найруулагчийн энэхүү эрэлхийллийг залуу жүжигчдэд хэрэгтэй ч үзэгч олонд төдий л өгөөжтэй зүйл гэж үздэггүй. Гэхдээ ямар ч туршилт хийсэн бай Н.Наранбаатар үзэгчтэй найруулагч. Энэ нь дээр өгүүлсэнчлэн цаг үеийн сонирхлыг татах хөнгөн элемент, оруулгуудыг жүжгийн завсар зоригтой оруулж өгдгийн үр дүн. Гэхдээ энэ нь түүний жүжгийн цогц, урлаглаг чанарыг ямагт унагаж, Н.Наранбаатарын жүжиг гэдэг элдэв сонин зүйлсийн цуглуулга байдаг, тэр ч утгаараа сонирхолтой гэсэн имижийг нэгэнт бүрдүүлжээ. Энд түүний “Тэнгэрийн хүү” жүжгийн тухай заавал дурдах хэрэгтэй. “Тэнгэрийн хүү” жүжиг бол Б.Лхагвасүрэнгийн түүхэн эмгэнэлт, шүлэглэсэн драмууд, С.Жаргалсайханы “Хаан түүх” түүхэн жүжгийн улбаа нөлөөг үргэлжлүүлсэн ч, зохиолын ур хийц, сэтгэлгээний хувьд тэдгээрийн энэ зэрэгт хараахан хүрэхээргүй бичлэгтэй. Ер нь Б.Лхагвасүрэн шиг бүтэн үеийг араасаа хуйлруулсан үзэгдэл болох авьяасгүй л бол орчин цагт сэргэн мандалтын үеийн сонгодог эргэлт бүхий шүлэглэсэн драм бичих нь илүүц хэрэг юм. Зохиолын энэ сул талыг эс тооцвол “Тэнгэрийн хүү” жүжгийн тавилт найруулагчаас ямар нэг эдүгээчлэл, арилжааны санаархал шургуулаагүй, өмнөх үеийн түүхэн жүжгийн найруулагчдын туршлагыг шингээсэн, нэрийн хуудас болохуйц бүтээл болсон билээ.
Н.Наранбаатар найруулагчийн сүүлийн хоёр жил ажилласан “Би эндээс явахгүй”, “Бүсгүйн зурвас” жүжгүүд бүтсэн арга хийгээд нийгэмд өгсөн мессежээрээ тун төстэй жүжгүүд юм. Энэ хоёр жүжгийг бүтээхэд найруулагчаас дутахааргүй үүрэгтэй оролцсон хүн бол зохиолч Д.Мэндсайхан. Одоо үеийн хамгийн үр бүтээлтэй, нөлөө бүхий жүжгийн зохиолчдын нэг тэрээр энэ хоёр жүжгийн аль алиных нь тэн хагасаас илүүг нэмэн дэлгэрүүлж бичсэн. Монголын театрын пионеруудын нэг С.Оюуны “Би эндээс явахгүй” жүжгээс үзэл сурталжсан, хуучинсаг хэсгүүдийг хасаж танан, шинэ үеийн үзэгчдийн сонирхолд нийцэхүйц харилцан яриа, үзэгдлүүдийг нэмэн бичсэн нь чамгүй амжилттай болсон. Жүжгийн эргэлтийн цэг л хэтэрхий үнэмшилгүй, ойлгомжтой байсныг эс тооцвол эерэг хандлага энэ жүжгээс анзаарагдаж байлаа. Найруулгын хувьд загварын тайзаар бүлгүүдийг холбон, 20-50 насны ямар ч үзэгчийг анхаарлыг татахаар тооцоолсон нь ч амжилттай болж чадсан. Энэ жүжиг магадгүй УДЭТ-ын сүүлийн үед хийсэн хамгийн амжилттай арилжааны төсөл байх. Харин энэ жил эмэгтэйчүүдийн баярыг таширлан үзэгчдэд хүрсэн “Бүсгүйн зурвас” жүжиг бүтсэн аргаасаа шүүмжлэл дагуулсаар байна. Төсөрхөн эргэлт бүхий, залуухан сэтгүүлч бүсгүйн амьдралыг харуулах дөрвөн үзэгдэлт жүжгийг зохиолч Д.Мэндсайхан бараг хоёр дахин том зохиол болгон хувиргажээ. Яг өнөөгийн нийгмийн элдэв дүрүүдийг шигтгэн цэвэр арилжааны шинжтэй шүүмжлэлт зохиол болгосон нь тэр байв. Үүнд найруулагчийн оруулга, санаа олон байгаа нь харваас илт. Бас л “Би эндээс явахгүй” жүжгээс ялгаагүй үзэгчдийн сонирхлыг татсаар байна.
Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” бол нэгэн залуу бүсгүйн хоёр орчин дахь амьдралыг харуулсан сэтгэлзүйн драм бол Д.Мэндсайхан нэмэлт хийсний дараа илүү өргөн хүрээг хамарсан нийгэм сэтгэлзүйн драм болоод хувирчихжээ. Энэ нөхцөлд хоёрдугаар зохиолчийг заавал дурдах ёстой. Зүй нь Монгол Улсын хамгийн том мэргэжлийн байгууллага иймэрхүү ёс зүйн алдаа гаргасандаа үзэгчдээсээ уучлалт гуйх учиртай.
Үүнд энэ цаг үеийн тэргүүлэх яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нэр хүнд ч нөлөөлж байгаа нь дамжиггүй. Гэтэл яагаад ч юм жүжгийн хоёр дахь зохиолчийн нэрийг олон нийтэд цацсангүй. Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” бол нэгэн залуу бүсгүйн хоёр орчин дахь амьдралыг харуулсан сэтгэлзүйн драм бол Д.Мэндсайхан нэмэлт хийсний дараа илүү өргөн хүрээг хамарсан нийгэм сэтгэлзүйн драм болоод хувирчихжээ. Энэ нөхцөлд хоёрдугаар зохиолчийг заавал дурдах ёстой. Зүй нь Монгол Улсын хамгийн том мэргэжлийн байгууллага иймэрхүү ёс зүйн алдаа гаргасандаа үзэгчдээсээ уучлалт гуйх учиртай.
Жүжгийн найруулгын хувьд Н.Наранбаатар нийгмийн сэдэвт жүжгээр хэрхэн гаршиж буйг харуулсан, хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очирын хийж гаршчихаад буй нийтийг хамарсан үзэгдлийн шийдлүүдийг агуулсан өөлөх юмгүй тавилт. Ямартай ч УДЭТ-т ийм нэгэн найруулагч ид хийж бүтээж явна. Н.Наранбаатар бол цаг үе, үзэгчдийн сэтгэлзүй, оюун хэрэгцээ биш ч, наад захын оюуны хэрэглээг нь хангачихаж чадаж буй уран бүтээлч. Юмыг өөдрөгөөр харахыг хичээе л дээ. Өөрсдийгөө шоолох гэж хошин шогийн тоглолт руу хошуурдаг үзэгчид драмын жүжгээсээ нийгмийн шүүмжит санааг үзэж эхлэх нь манай нийгэмдээ бол дэвшил юм шүү. Хэрэглээ цаашлаад хэрэгцээ ч юм.
Ч.Түвшингийн “амьд” театр
Ч.Түвшин найруулагч бол театрын хүн. Хүүхэлдэйн театрын зүтгэлтний хүү түүнийг театргүйгээр төсөөлшгүй. Ч.Түвшинг олонд таниулсан жүжиг бол Д.Энхболдбаатарын зохиол “Амьдрал чиний төлөө”. Энэ жүжгээрээ зохиолч нь ч, найруулагч нь ч өөрсдийгөө батлан харуулсан гэдэг.
Үүнээс яг нэг жилийн дараа 2008 онд тайзнаа тавьсан Софоклын алдарт “Эдип” жүжгээр Ч.Түвшин өөрийн сэтгэлгээний цараа, театрын хэлийг хэрхэн эзэмшснээ харуулсан. Үндэсний хийцтэй хувцас хэрэглэл, бүр хэтэрхий минималь тайз заслыг ашиглан тэрээр дэлхийн хамгийн алдартай драмыг амилуулж чадав. Агуу том сонгодог тайз засал, тайзан дээрх цайз төсөөлж очсон үзэгчид эмгэнэл гээчийн мөн чанар хүний зан төрх, мөн чанарт л байдаг гэдгийг, магадгүй өөрийнх нь дотор ч өөр нэгэн Эдип аж төрөн суугааг мэдрээд театраас гарцгаасан. Харамсалтай нь Ч.Түвшин найруулагч энэ гайхамшигт дебютээсээ хойш даацтай уран бүтээл хийлгүй 2016 оныг хүргэсэн. Энэ дундаа Люсиль Флетчерийн зохиол “Уучлаарай та дугаар андуурч” хэмээх бэсрэгхэн жүжиг тавьсан нь энэ найруулагчийн арга барилыг товчхон ч тодоор харуулсан. Ч.Түвшин найруулагч бол орчин цагийн театрын технологийн ололтыг театрт аль чадахаараа ашиглахыг хичээдэг найруулагч. Энэ чанар нь түүний 2016 онд найруулсан “Жаргаагүй нар” жүжгээс ч харагдана. Энэ жүжигт Ч.Түвшин театрын тайзны өнцөг булан бүхнийг ашигласан.
Ч.Түвшингийн дүрүүд хиймэл аяглал үгүй, тайзан дээр өөрийнхөөрөө амьдарч байгаа нь мэдрэгддэг. Эдип бол бидний сүүдэр, бидний мөн чанар гэдгийг Ч.Түвшин олж харсан. Д.Нацагдорж бол бидний өнгөрсөн түүхийн эмгэнэл, бидний мулгуу, адгуу байдлыг золиос нь зөвхөн бид өөрсдөө гэдгийг биеэрээ харуулсан эмгэнэлт дүр юм. Ч.Түвшин үүнийг л олж харсан хэрэг. Хүрэх газраа харчихсан хүн хийх ажлаа ч арай л дөнгүүр нугалдаг даа.
Харамсалтай нь түүний өнгөрсөн онд тавьсан “Оддын өвчин” жүжиг ийм амьд байж чадсангүй. Зохиолын орчуулга нь чихэнд нэг л бууж өгөхгүй, ер нь жүжиг тэр чигээрээ хуурмаглал мэт санагдаад байсан нь магадгүй Ч.Түвшин найруулагч инээдмийн жүжигт тохироогүйтэй ч холбоотой байж магад. Энэ жүжгийг түүний хамгийн том алдаа гэж найдъя. Ч.Түвшин найруулагч, Б.Баатар найруулагч хоёрт ижил төстэй нэг чанар бий. Тэр нь бэлэгдлээр ярих урлаг. Жүжгийн хэсгийн зорилго, нэвтрэн гарах санааг хойш тавьж, хэрхэн философидохоо түрүүлж хардаг нь тэдний жүжгүүдээс харагдана.
Ч.Түвшингийн дүрүүд хиймэл аяглал үгүй, тайзан дээр өөрийнхөөрөө амьдарч байгаа нь мэдрэгддэг. Эдип бол бидний сүүдэр, бидний мөн чанар гэдгийг Ч.Түвшин олж харсан. Д.Нацагдорж бол бидний өнгөрсөн түүхийн эмгэнэл, бидний мулгуу, адгуу байдлыг золиос нь зөвхөн бид өөрсдөө гэдгийг биеэрээ харуулсан эмгэнэлт дүр юм. Ч.Түвшин үүнийг л олж харсан хэрэг. Хүрэх газраа харчихсан хүн хийх ажлаа ч арай л дөнгүүр нугалдаг даа.
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл. 2019 он