Нийт 9.2 сая амны хаалт импортолжээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс энэ оны гуравдугаар сарын 27-ны байдлаар 1 135.7 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ.
Өнгөрсөн оны мөн үед гадаадаас 1276.3 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн авч байсантай харьцуулахад 11 хувиар буюу 140.7 сая ам.доллароор буурчээ.
Хамгийн их буурсан нь суудлын автомашины импорт бөгөөд нийт 27.2 хувиар буурсан байна.
Тодруулбал, 2020 он гарснаас хойш нийт 13.733 суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5126 ширхгээр багассан үзүүлэлт аж. Харин ачааны автомашины импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна:
- Хүнсний импорт өмнөх оны мөн үеэс 2.6 сая ам.доллар буюу 2.2 хувиар өссөн
- Шатахууны импорт өмнөх оны мөн үеэс 115 мянган тонн буюу 12.8 хувиар буурсан
- Эрдэс бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 21.5 сая ам.доллар буюу 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Манай улс он гарснаас хойш нийт 9 195.6 мянган ширхэг амны хаалт, 9695 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, коронавирусний оношлуур 24.797 ширхгийг импортолжээ.