Хаврын улиралд хачиг аюултай

Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Гэхдээ бүх хачиг халдвартай байдаггүй учир хазуулсан хүн бүр өвчилдөггүй.
Харин “Ixodes”, “Dermacentor” гэх хоёр төрлийн хачиг хүнд өвчин үүсгэдэг юм.Ойн хачиг (Ixodes) Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Хөвсгөл аймагт тархалттай бөгөөд хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг үүсгэдэг. Dermacentor хачиг нь Монгол орны ихэнхи нутагт тархан, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог.
Хачигт энцефалит өвчин нь манай улсын арван аймаг, 27 суманд бүртгэгджээ. Өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинж, тэмдэг илэрдэг аж.
Хачигт боррелиоз өвчин нь 9 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, 20 суманд бүртгэгдэж, эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, биен дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.
Харин хачигт риккетсиоз өвчин нь 17 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 79 сум бүртгэгдэж, эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд ажиглагддаг.
Иймд хаврын улирал эхлэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.