П.Нямдаваа: Шинэ коронавирусийг бид судалж чадахгүй
Зочны цагт Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа оролцож байна
-Дэлхийн улс орнууд хэзээнээс энэхүү вирус, нянг судалж эхэлсэн бэ?
-Нян, вирус гэдгийг 17-18 зуунд мэдсэн. Гэхдээ зарим өвчин хүнээс хүнд халддаг гэдгийг бүүр дээр үед мэдсэн. Түүнийгээ янз бүрээр тайлбарладаг. Ид шидийн хүчээр дамждаг, бурхан тэнгэрийн гэсгээл болсон гэх мэтээр тайлбарлаж байлаа. Хүн төрөлхтөн ном сударт бичиж үлээснээр 10-12 зуунаас халдварт өвчин хүчтэй тархан хөл хорих арга хэмжээг авч эхэлсэн байдаг.
-Өнөөдрийнх шиг ийм хэмжээний дэлхий дахиныг цочроосон тахал хэр тархаж байв?
-Үүнээс аюултай тахал тарж байсан. Жишээ нь 13-14 зуунд Европт тархсан хар үхэл нийт хүн амын 40 хувийнх амийг авч одсон. Гэхдээ энэ нь вирусийн өвчин биш мэрэгчээс бөөсөөр дамжсан өвчлөл байсан. Энэ үед манайд тарваган тахал байнга гарч байсан ч тархай бутархай амьдардаг болохоор тухайн гарсан голомтод л асуудал яригддаг байсан. Хүн ам шигүү суурьшсан Европт энэхүү хар үхэл буюу тахал илүүтэй хохирол учруулсан.
-Энэ үед хил хаах болон хөл хориог бид хэрхэн яаж ойлгох ёстой вэ?
-Хөл хорио бол халдварт өвчнөөс авардаг гол зам байсан. Хөл хориог манайд гэрээс гэрт дамжихаас хамгаалж гэрийнхээ үүдэнд дээс унжуулдаг байсан. Тэр бол хөл хорих арга. Дэлхий дахинд карентин гэдэг үг бол олон орны хамарсан хар үхэл буюу цар тахал. Мэргэжлийн тоног төхөөрөмж дутагдалтай газар хамгаалах хамгийн гол арга бол хөл хорио. Хэрвээ халдварт өвчин нэг орны хэмжээнд байвал тахал гэнэ. Харин дэлхийн олон орныг хамарсан өвчнийг цар тахал гэдэг.
Коронавирусийн тухайд Хятадад бол тахал мөн. Гадагшаа тарж байгаа нь дэлхийн бүх оронд гараагүй учраас цар тахал хараахан болоогүй байна. Ер нь цар тахал руу явж байж магадгүй гэж ДЭМБ-ын байгууллага үзэн арга хэмжээнүүдийг авч байгаа.
1851 онд Парис хотноо Олон Улсын ариун цэврийн бага хурал гэдгийг зохион байгуулсан байдаг. Үүнээс хойш 1860 онд Олон Улсын ариун цэврийн конвенц байгуулсан. Ингэснээр тарваган тахал, цагаан цэцэг, хлория буюу урвах тахал, шар цэцэг өвчнийг нэр заан хэрвээ эдгээр өвчлөл гарсан бол бусад улсад заавал хэлж сэргийлэх арга хэмжээ авна гэсэн гэрээг тухайн үед Европ, Хойд Америкийн 40 орон хүлээн зөвшөөрсөн.
1974 онд ДЭМБ байгуулагдсан. Олон улсын ариун цэврийн бага хурал гэдэг байгууллагаа татан буулган энэхүү байгууллагад эрхийг нь шилжүүлсэн.
2005 онд баталсан дүрэмд нэг чухал өөрчлөлт хийсэн нь нэр заасан 4 өвчин утга учиргүй боллоо. Тиймээс олон улсыг хамрах шинжтэй үхэл, эндэгдэл ихтэй өвчин гарах юм бол ДЭМБ-ын ерөнхий захирал тусгай мэргэжлийн баг хуралдуулж олон улсын хэмжээний аюул байгаа эсэхийг зарлах эрхийг ДЭМБ-д олгосон. Одоогийн удирдлага нь энэхүү өвчнийг олон улсын аюултай өвчин болж болзошгүй гэж мэдэгдсэн.
Хуучин хөл хорионы үед зөвхөн өөрийн улсыг хамгаалахаас олон улсын хэмжээнд боддоггүй байсан учраас харгис арга хэрэглэдэг байсан. Мөн цэрэг цагдаагийн хүчээр халдвартай эсэхийг нь ч үл харгалзан тушаалыг зөрчсөн л бол дүүжилж, буудан хороодог байсан.
Харин одоо үед үүнийг зөөлрүүлээд ДЭМБ-аас хөл хориог хүчтэй хийх хэрэггүйг зөвлөдөг. Энэ нь эдийн засгаа харсан бодлого гэж харагдаж байгаа. Гэхдээ улс орноо болон өөрийгөө бодсон хөл хорио бол аюултай алхам биш.
-Энэ удаад дэгдсэн шинэ коронавирус нь амархан мутацид орж хувирах шинж тэмдэгтэй байна гэсэн. Та үүнийг сонирхож үзэв үү?
-Шинэ коронавирусийг бид судалж чадахгүй. Судлахын тулд вирус юм уу, нянг лабораторид ургуулж нарны гэрэл, янз бүрийн орчинд байлган турших хэрэгтэй болдог. Тэрхүү нянг бид ялгаж чадахгүй учраас туршилт хийх арга байхгүй.