Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ
Арав хоногийн өмнө коронавирусний халдвар авсан Их Британийн Ерөнхий Борис Жонсон цусны ерөнхий шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэгджээ.
“Ерөнхий сайд эмч зөвлөсний дагуу шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэгдсэн. Коронавирусний халдвар илэрснээс хойш 10 хоног өнгөрсөн боловч түүнд шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байгаа учир аюулгүй байдлын үүднээс эмнэлэгт хүргэсэн” гэж Их Британийн Ерөнхий сайдын ажлын алба мэдээлсэн байна.
Өдгөө 55 настай Жонсон улс орноо үргэлжлүүлэн удирдаж байгаа гэж “Sky News” телевиз үүнтэй холбогдуулан онцлон тэмдэглэсэн байна. Хэрэв тэрбээр Засгийн газрын тэргүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд түүний үүргийг өөрийнх нь хийсэн сонголтын дагуу Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр хугацаагаар гүйцэтгэнэ.
Жонсоноос гадна Уэльсийн хунтайж Чарльз, Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок нар халдвар авсан бөгөөд тэд эдгэрчээ. Мөн гэртээ долоо хоногийг өнгөрүүлсэн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес эдгэрснээ мэдэгдсэн байна. Одоогоор Шотландын хэрэг эрхэлсэн сайд Алистер Жек, Английн эрүүл ахуйн ерөнхий эмч Крис Уитти, Ерөнхий сайдын гол зөвлөх Доминик Каммингс нар тусгаарлагдсан хэвээр байгаа аж.
Халуун нь буурахгүй байгаа тухай Жонсон баасан гарагт мэдээлжээ. Түүний сүйт бүсгүй Кэрри Симондст мөн “Covid-19”-ийн шинж тэмдэг долоо хоногийн турш илэрсэн гэж бямба гарагт мэдээлсэн байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Их Британид коронавирусний халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 621-ээр нэмэгдэж, 4934 болсон бол халдвар авсан хүний тоо 48 мянгад дөхсөн байна.
Montsame.mn