Он гарсаар 7 эмэгтэй, 15 хүүхэд хамгаалуулах үйлчилгээ хүсчээ
Өвөрхангай аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр аймгийн ГБХЗГ-ын дарга Ж.Энх-Амар болон мэргэжилтнүүдтэй санал солилцож, хүчирхийлэл үүсээд байгаа шалтгаан нөхцөл, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, архидалт, донтлын талаар ярилцсан юм.
Нэг цэгийн үйлчилгээний төв нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хүчирхийллийн орчноос зугтаж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой болох хүртэл нь хоргодох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээг үзүүлж байна. Тус төвд он гарсаар 7 эмэгтэй, 15 хүүхэд хамгаалалт хүсэн үйлчилгээ аваад байгаа аж.
2014 онд Австралийн Элчин сайдын яамнаас зарласан хүчирхийллийн улмаас хохирсон хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрны санхүүжилт олгох төсөлд аймгийн ГБХЗГ-аас амжилттай оролцон дэмжигдсэнээр энэ төвийн эх суурь тавигдсан аж. 2019 онд “Нэг цэгийн үйлчилгээний төв” болгон өргөжүүлж, Орон нутгийн төсөв болон НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр шинэ барилгыг ашиглалтад оруулан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаад байна.