ХӨСҮТ: Батлагдсан тохиолдол зургаа, сэжигтэй долоон тохиолдол ажиглалтад байна
ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн ойрын хавьтал болох 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
18-нд Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
19-нд Хэнтий аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Түүний сорьц ирж яваа. Тухайн хүнтэй цаг автобусанд явсан 24 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Батлагдсан тохиолдол 6, сэжигтэй тохиолдол 7 ажиглалтад байна. Бид түргэвчилсэн оношлуураар баримжаа авах, яаж цаашид ажиллах вэ гэдэг дээр авч байгаа ч жинхэнэ баталгаат хариуг PCR-р авна. Түргэвчилсэн оношлуурын хувьд буруу зүйл байхгүй. Шинээр ашиглаж ажилдаа нэвтрүүлж алдаагүй байх тал дээр анхаарч байна. Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Тиймээс тайван дэс дараатай ажиллах хэрэгтэй байна” гэв.