Хүн төрөлхтөн яагаад хумхаа өвчнийг ялж чадахгүй байна вэ
Дэлхийн эүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээгээр 2018 онд дэлхийн хүн амын гурван хувь буюу 228 сая хүн хумхаагаар өвчлөн, 405 мянган хүн хорвоог орхижээ. Хохирогчдын дийлэнх нь балчир хүүхдүүд байв. Хумхааны хуучин эм үйлчлэхээ больсон нь нэгэнт тогтоогдсон.
Малярия буюу халуун орны хумхаа өвчин балар эртнээс үүдэлтэй. Эрт үеийн хадны бичээсүүдэд энэ өвчин тэмдэглэгдсэн байдаг. Шимэгчийн молекулын ул мөрийг эртний Египетийн оршуулгаас илрүүлж байлаа. Өвчний тухай Гомер "Илиада" найраглалдаа бичиглэн үлдээсэн нь бий. Хумхаа Апеннины хойг хүрсний дараа Ромын эзэнт улсын уналт эхэлсэн гэж зарим түүхчид үздэг юм. Неаполь хот байдаг Кампания бүс нутаг өвчнийг дарж авталаа 1930-аад он хүртэл хумхаад нэрвэгдсээр иржээ.
Эм шумуулын цус соролтоор дамжин хүний организмд нэвтэрсэн нэг эст плазмодиум гэх нян хумхааг өдөөдөг. Энэ шимэгчийн хэдэн арван төрөл байдаг ба нэг хэсэг нь шувуунд, нөгөө нь гүрвэлд гэх мэтээр халдвар тарааж байдаг. Хүмүүст ихэнх өвчлөлтийг дөрвөн плазмодиум тараах бөгөөд тэднээс хамгийн аймшигтай нь Plasmodium falciparum. Шимэгчийн эртний төрөл нь горилла сармагчинд халдвар тараасан байх магадлалтай. Хожим 10 мянган жилээс хойш хүнд халдварлажээ.
Африкийн ширэнгэн ойгоос үүдэлтэй халдвар Нил мөрнөөр Газар дундын эрэгт хүрээд тэндээс Грект нэвтэрчээ. Грекээс Италид нэвтэрсний дараа ромын легионууд ба худалдаачдаар дамжин Британи, Данид хүрлээ. Дээр цагт хумхаа Оросын Кавказ, Хар тэнгисийн эргээр мөн Ижил орчмын нутагт дэгдэж байв. Том урт хөлтэй “хумхаагийн” гэх карамора нэртэй шумуул манайд ч тааралдана.
Зөвхөн XX зуунд энэ өвчин 150–300 сая хүний амийг авсан юм. Энэ өвчинд Сахараас өмнөх нутгийхэн ихээр өвчилдөг.
Өвчнийг үүсгэгч плазмодиум нь ээдрээтэй амьдралын циклтэй. Цусанд ороод эхний ээлжинд хуваагдан амьдралаа үүсгэж эхэлнэ. Улмаар цаг хагасын дараа элгэнд хүрнэ. Энэ хугацаанд 8-10 хуваагдал хүнд бий болсон байдаг. Гэхдээ өвчлөл эхлэхэд заримдаа элэг дэх ганцхан плазмодиум хангалттай. Хуваагдаад эхлэхээр хэдэн арван мянган “үр төл” бий болно. Плазмодиумын төрлөөс хамааран энэ бүгдэд хүрэхэд 5-25 өдөр хэрэгтэй.
Шимэгчийн элгэн дэх үе нь өөрөөр харагдах ба тэднийг мерозоит гэж нэрлэдэг аж. Тэндээс гарсан шимэгчид цусны улаан эс эритроцидад халдана. Улаан эсэд наалдаад дотор нь орж авахад түүнд 30 секунд хангалттай. Мерозоитууд тэжээлдээ бидний организмд хүчил төрөгч ба нүүрс хүчлийн хий авчирдаг уураг болох гемоглобиныг ашиглана.
Цусны эсэнд шимэгчийн хөгжлийн гурав дахь трофозоит эхлэх бөгөөд трофозоит бүр нь 8-24 шимэгчийг төрүүлнэ. Тэдний нэг хэсэг нь бусад эритроцитад халдвар өгөөд үлдсэн нь эр, эм эс болон хувирна. Хүнийг шумуул хазах үеэр түүнд орон бас хэд хэдэн өөрчлөлтийг дамжин нийлнэ. Ингэж шинээр үүссэн спорозоитууд нь шумуул өлсөөд өөр хүнийг хатгахыг хүлээнэ.
Халдвар авсан эритроцитууд нь хагараад эхлэхээр өвчин үүснэ. Хүн халуурч, чичрэн хөлс нь ялгарч эхэлдэг. Хумхаа нь 3-4 хоногийн дотор давалгаалан өвчлүүлнэ. Энэ хугацаанд л эритроцитэд шинэ плазмодиум урган үүсдэг.
Бусад плазмодиумаас ялгаатай нь P. falciparum сонголтгүйгээр залуу, хөгшин эритроцит руу давтолно. Хоёр хоногийн дотор шимэгчдийн тоо 8-10 дахин нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ плазмодиум нарийн судаснуудад нэвтэрдэг. Хүн хүндээр өвчлөн уушги, бөөрний ажиллагааны дутагдал үүсдэг. Хэрэв шимэгчид тархины судсанд наалдсан бол тархинд гэмтэл бий болно. Тиймээс P. falciparum төрлийн өдөөсөн өвчин ихэнхидээ үхэлд хүргэдэг.
Явцын дунд дархлал гарч ирэх боловч хүнийг төдийлөн сайн хамгаалж чадахгүй. Дархлал шууд үүсэхгүй бөгөөд Африкт гэхэд л нэг хүн жилдээ хэд хэдэн удаа өвчилдөг. Хумхаатай тэмцэх хөтөлбөрийг хумих нь бас аюултай. ХХ зууны хоёрдугаар хагаст Мадагаскарт хөтөлбөрөөс татгалзсаны дараа энэ халдварын үхэл нэмэгдсэн юм. Плазмодиумд дасан зохицоход бас цаг хугацаа хэрэгтэй.
Хумхаанд эм бий л дээ. XVII зуунаас хинин гэх гашуун бодис агуулсан модны холтсоор хумхааг эмчилж иржээ. Гашуун амтыг нь дарахаар британичууд хинины хандад жин тоник нэмэрлэж байснаар алдартай коктейль үүсчээ. ХХ зуунд үүнтэй төстэй хлорохин эмийг бүтээснийг өнөөдөр коронавирусийн эсрэг туршиж байна. Плазмодиумын эсрэг хэд хэдэн эм байгаа ч нян гэсэндээ антибиотикт дасах чадвартай аж. Тиймээс хуучин эмнүүд үйлчлэхгүй болсон байна. Өнөөдрийн хувьд 1970-аад онд хятад эрдэмтдийн шарилжнаас гарган авсан артемизинин эм хамгийн үр дүнтэйд тооцогддог. Эмийг бүтээсний төлөө Хятадын химич Ту Юю 2015 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Түүнийг шагналаа авахаар Шведэд очих үед артемизининд энэ шимэгч дассан гэх мэдээлэл гарч байв.
Хумхаагийн эсрэг вакцин хэрэгтэй ч асуудал бас л тодорхой бус. Гол шалтгаан нь плазмодиумын амьдралын циклд байгаа юм.
Дархлалын системийг плазмодиумын янз бүрийн хэлбэрийн эсрэг чиглүүлэх вакцинуудаас зөвхөн ганцыг нь урьдчилсан гэх тодотголтойгоор дэмжсэн байдаг. Үүнийг Mosquirix нэрээр GlaxoSmithKline компани наяад онуудад бүтээж одоо Африкт клиникийн гурван шатны туршилтад ороод байна. Дөрөв дэх шатны туршилт дуусахад ахиад хоёр жил хэрэгтэй.
Mosquirix вакцины үндэс нь спорозоит нянгийн гадарга. Дархлалын хариу нь цусанд орж ирсэн жинхэнэ спорозоитуд цохилт өгөх бөгөөд ийм хамгаалалт их хэрэгтэй учраас вакциныг сарын зайтайгаар гурван удаа хийдэг аж. Ингэж олон удаа тарих нь гол дутагдлуудын нэг нь. Мөн 2-3 сартай нярай хүүхдэд үйлчилдэггүй, түүнээс дээш насныхан дунд хамгаалалт нь 39 хувт, хүнд тохиолдолд хамгаалалт нь 29 хувьтай. Гэхдээ хоосон байснаас дээр л дээ. Дээр нь вакцинд хамрагдагсад менингитээр өвдөх нь их байснаас гадна охид түлхүү амиа алдаж байв. Шалтгааныг одоо ч тайлж чадаагүй байна.
Клиникийн дөрөв дэх туршилтаар энэ талын судалгааны шинэ материалтай болохоор найдаж байгаа гэнэ. Дэлхий даяар хумхаатай тэмцэхэд $5 тэрбум доллар хэрэгтэй гэж ДЭМБ мэдэгдсэн. Харьцуулахад, Английн хөлбөмбөгийн хамгийн баян долоон клубын үнэ ийм. Гэсэн ч 2018 онд гэхэд л хумхаатай тэмцэхэд түүнээс хоёр дахин бага мөнгө гаргажээ.
ТАСС агентлагийн тоймч Марат Кузаев