Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл өргөн барьжээ
Хувийн тэтгэврийн сан байгуулж, түүнд төлсөн мөнгөө орон сууцны урьдчилгаанд өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгт ашиглахын зэрэгцээ тэтгэврээ нэмж авах зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан тухай УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр мэдээллээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын багаас дээрх агуулгыг багтаасан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн тэтгэвэр олголтын процессыг сайжруулахад шаардлагатай байгаа зохицуулалтыг эрдэмтэн судлаачидтай хамтран судалжээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал, "Одоогийн хуулиар бид нийгмийн даатгалын 24 хувийнхаа 17-г нь Тэтгэврийн даатгалын санд төлдөг. Үүнийх нь 8.5 хувийг нь ажилтан, 8.5 хувийг нь ажил олгогч төлөхөөр зохицуулсан. Тэгвэл энэ хуулийн төслөөр, 17 хувийнхаа 4 хувийг нь Хувийн тэтгэврийн санд төлөхөөр сонголт хийх эрх зүйн боломжийг нээж өгсөн байгаа" гэлээ.
Тодруулбал, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 4 хувь буюу 40 мянган төгрөгийн Хувийн тэтгэврийн санд төлнө. Ингэж хуримтлал бүрдүүлснээр, хүүнээс хүү тооцох аргачлалаар хуримтлал нэмэгдэнэ гэдгийг Н.Учрал гишүүн тайлбарлалаа. Жишээлбэл, 800 мянган төгрөгийн цалинтай хүн орлогынхоо 13 хувийг төрийн Тэтгэврийн даатгалын санд төлөөд, 4 хувиа Хувийн тэтгэврийн сандаа өөрийн сонголтоор төлснөөр, 30 жилийн дараа 76 сая 852 мянга 902 төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгөө үр хүүхэддээ өвлүүлэх бололцоог хуулиар нээхээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах, түүнчлэн орон сууцны урьдчилгаанд өгөх боломжтойг дурдлаа. Мөн Хувийн тэтгэврийн сан байгуулснаар, тэтгэвэр нэмэх нөхцөл бүрдэнэ гэдгийг онцлов. Дээрх жишээгээр, мөн Хувийн тэтгэврийн сангаас сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр давхар бодогдох юм байна. Ингээд төрийн Тэтгэврийн даатгалын сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 770 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг гэлээ.
Өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэмж авч байгаагаас 53 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод буюу 350 мянгаас доош хэмжээний тэтгэвэр авдаг байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоогоор, Тэтгэврийн даатгалын санд төлж байгаа шимтгэлээс тэтгэвэр авах эрх нь бүрдсэн хүмүүс авдаг. Харамсалтай нь тэтгэвэр авах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаагаас тэтгэвэр авах эрхтэй хүн бүр тэтгэвэр авч чадахгүйд хүрсэн хэмээн тодотголоо. Тэрбээр, "Улсын төсвөөс жил бүр Тэтгэврийн даатгалын санд 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулдаг. Цаашид тэтгэврийн шинэчлэл хийхгүй бол энэ дүн нэг их наяд хүрэх тооцоо байна. Тиймээс энэхүү хуулийн төсөл тэтгэврийн шинэчлэл хийх ач холбогдолтой. Нөгөө талаар, хувийн тэтгэврийн санг хүлээн зөвшөөрснөөр, одоогийн тэтгэвэр олгож байгаат өрлөөс илүү өргөн боломж нээгдэх бөгөөд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд өгөөжтэй" хэмээлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нарын гишүүд хамтран боловсруулжээ.