Хөл хориогүй монголчууд
Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахал золоор Монголыг дайраагүй. Энэ бол өнгөрсөн хугацаанд төр засгаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хүн бүр хариуцлагатай байж чадсаны үр дүн.Гэвч аюул ард хоцроогүй, бид тайвширах болоогүй. Засгийн газраас нэгдүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хилээ хаах шийдвэрээ есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан боловч дэлхийн улс орнуудтай харьцуулахад монголчууд хөл хориогүй, эрх чөлөөтэй байна.Амны хаалтгүй гадуур сэлгүүцэж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах гэсэн эцэг эх, хүүхэд багачууд зах худалдааны төвүүдэд ёстой л олноороо нэг дор бөөгнөрч буй. Нэгдүгээр сараас хойш үүдээ хаагаад байсан бар, караоке ч бас хөл гишгэх зайгүй хүнтэй. Урлаг соёлын арга хэмжээ ч бас тасарсангүй. Энэ мэтчилэн монголчууд халдварыг дотооддоо алдаагүй хэмээн тайвширч улам хэнэггүйтсээр маскаа ч мартжээ.
Олон нийтийн газар, гудамж талбай, зах худалдааны төв, нийтийн тээвэрт маск зүүсэн хүн ховор. Нийтийн тээвэрт таван хүний хоёр нь л масктай. Амны хаалтгүй нэгэн дэргэд нь ханиалгасан ч тоохоо больжээ. Зах худалдааны төвүүдэд бол масктай хүн өдрийн од шиг дүр зураг угтаж буй. Эрүүл мэндийн яамнаас иргэдэд өдөр бүр “амны хаалтаа зүү, ариун цэврийг сахь” , “олон хүн цугласан газарт бүү оч”, олноороо бүү цугла гэж өдөр бүр сануулсаар байгаа ч монголчууд дүлий дүмбэ оргисон нь энэ. Амны хаалтгүй яваа иргэдээс маскаа яагаад зүүгээгүйг асуувал ихэнх нь уурлах өнгө аястай. Цөөн хүн л маскаа машиндаа мартчихаж, цүнхэнд байна, халууцсан гэх шалтгаан хэлж буй.
Угтаа бол төрийн анхааруулга санамжийг зөрчиж, амны хаалт зүүхгүй яваа иргэнд хариуцлага тооцъё гэхээр Зөрчлийн тухай хуульд ийм заалт байхгүй. Бусад хуульд ч ийм зохицуулалт байхгүй. Тахал баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил Монгол Улс дотроосоо коронавирусийн халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй.
Бид нэг л удаа алдаа гаргавал халдварыг дотоодод алдах аюултай. Цар тахлын аюултай халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 мянга 760 хүн халдвараар өвчилнө гэсэн тооцоо бий. Хэрэв дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө, Европын орнуудаас хангалттай харсан.
Агаар дусал, шүлсээр дамжин халдварладаг цар тахлын хэмжээнд хүрээд буй эл өвчний эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах цорын ганц найдвартай арга нь маскаа зүүх.
Намрын сар хурим найрын сар гэдэг бөгөөд хот, хөдөөгүй хурим найр өргөн болж, хоорондын хамгаалалт, олон хүн нэг дор цуглуулахгүй гээд хорио цээрийн дэглэм мөрдөж байгаа хүн үндсэндээ алга. Хаана хүн бөөгнөрч, олноороо байж болох бүх газарт халдвар хамгааллын дэглэмгүй, хөл гар уралдан худалдаа, наймаа хийж, уулзаж, наргиж, хуримлаж, зугаацаж байна.
Харамсалтай нь Монголын хууль гурав хоног гэгчээр коронавируст халдварын сургаар маскгүй яваа нэгнээ нүд үзүүрлэж, гудамж талбайд шүлсээ хаях нь бүүхэл найтаахаасаа хүртэл эмээдэг байсан тэр ухамсар, хүн бүрийн өмнө хүлээсэн үүргээ монголчууд ёстой л мартсан бололтой.
Гэтэл монголчуудаас бусад улс орнуудад цар тахлын айдас одоо ч арилаагүй, хөл хорионы дэглэмээ сулруулаагүй, иргэд нь амны хаалтаа зүүж буй. Эсрэгээр нь бид хилээ хааснаас бусдаар цар тахлыг мартаж хөл хориогүй эрх чөлөөтэй байна.
Уг нь амны хаалт зүүж, ариун цэврээ сахих, олон хүн цугласан газарт очихгүй байх нь заавал бусдаар шаардуулах зүйл биш, хүн бүрийн үүрэг, ухамсар.
Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол тахал та биднийг ангуучлаад эхэлж мэднэ. Аюул бидний ард хоцроогүй гэдгийг өнөөдөр Монголд гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 300 тохиолдол ч сануулсаар байна.
Эх сурвалж: news.mn