Цэрэндашийн Мөнх-Эрдэнэ 1976-2021 Эмгэнэл

Монголын бурханы шашны бичиг соёлын томоохон зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн хувраг, Зүүн Хүрээ Коллежийн захирал Цэрэндашийн Мөнх - Эрдэнэ лам XVII жарны төмөр хулгана жилийн өвлийн сүүл сарын шинийн есөн , 2021 оны 01-р сарын 22-ны өдөр таалал төгсөж,  Монголын бурханы шашинд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр 1976 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж,  бага насаа эцэг эхийн хайр ивээлд үдэж, улмаар бага дунд сургуульд суралцсаар, Бурханы шашны хуврагын чуулганд шавилан суужээ. 1991 онд Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд шавилан сууснаас эхлэн 30 жилийн туршид бурханы ном эрдэмд шамдан суралцан, залуу лам хуврагуудыг сурган хүмүүжүүлэх , хурлын чого чаглан , номын зан үйлийг сэргээх , сүсэгтэн олонд бурханы сургаал номыг тайлбарлан таниулах, уламжлалт бичиг соёлыг сэргээхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллаж , тус хийдийн хурлын лам , дуганч , тахилч , голч лам, хамба ламын туслах , Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн " Зүүн хүрээ " коллежид багш , ахлах багш , хичээлийн эрхлэгч , захирал зэрэг тушаалуудад томилогдон өндөр үр бүтээлтэй , хариуцлагатайгаар хашиж байлаа. Ц. Мөнх - Эрдэнэ нь бурхан шашны уламжлалт сургалтын дагуу ахмад үеийн эрдэмтэн багш нараасаа дээдийн номыг уламжлан сурч, 1994-1997 онд БНХАУ - ын Хөх нуур мужийн Гүмбүм хийдийн Шашны сургууль , 2002-2004 онд МУИС-ын Эх бичиг - Алтай судлалын тэнхимд Эх бичиг судлалын магистр , 2013-2015 онд Энэтхэг улсын Лакнау хотын Лакнау их сургуульд санскрит - Пали хэл судлалын магистр зэргийг тус тус амжилттай хамгаалан, МУИС-ын ШУС-ын Хүмүүнлэгийн ухааны салбар , Философи - Шашин судлалын тэнхимд докторантурт суралцаж байсан билээ. Ц.Мөнх - Эрдэнэ нь лам хувраг, оюутан сурагчид , судлаач багш нарт зориулан төвд болон монгол хэлээр олон ном , сурах бичиг хэвлүүлсэн нь төвд судлалын болон эх бичиг сонирхогч судлаач нарт нэн их эрэлттэй бүтээлүүд болсон юм. Мөн Монголчуудын үсэг бичгийн нандин их өв уламжлалт Соёмбо үсгийг сурч , судлан Соёмбо үсгийг бичих арга барил, дүрэм сурах бичгийг сэргээн гаргасан юм. Ц. Мөнх - Эрдэнэ нь соёмбо үсгийг сурталчилан таниулах зорилгоор 2015 онд Энэтхэг улсад "Гэгээн гурван үсэг бичиг" нэртэй судар бичлэгийн үзэсгэлэнгээ хоёр удаа, Өндөр гэгээн Занабазар Богдын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулан "Гэгээн гурван үсэг бичиг” үзэсгэлэнгээ хоёр удаа тус тус амжилттай гаргасан. Үүнээс гадна 2019 онд Соёмбо үсгийн 333 жилийн ойг тэмдэглэх санаачлагыг гарган " Өндөр гэгээний Үсгийн урлал ” эрдэм шинжилгээний хурал, "СОЁМБО - 333" үзэсгэлэнг зохион байгуулж , Соёмбо үсэгт зориулсан гэрэлт хөшөө , тааллын шүтээнийг бүтээлгэн Өвөрхангай аймгийн Бат - Өлзий сумын Төвхөн хийдэд босгосон. Түүнчлэн Ц.Мөнх Эрдэнэ лам соёмбо үсгээр Монгол улсын Үндсэн хуулийг бичиж Төрийн ордоны музейд залсан байдаг.
 Ц. Мөнх - Эрдэнэ нь эрдэм номын үйлсэд машид хичээж бие, хэл, сэтгэлээ харамгүй зориулан, уламжлалт шашин соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байсныг үнэлж 1995, 1996 онуудад Гүмбүм хийдийн Шашны сургуулийн шилдэг оюутан , 2003 онд Нийслэлийн Боловсролын газраас “Ахлах багш " цол тэмдэг , МАСЗХ - ны " Алтан од " медаль, Монголын эрэгтэйчүүдийн холбооны "2003 оны шилдэг багш " цол өргөмжлөл , Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу алтан медал " 2019 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байжээ.  Ц. Мөнх -Эрдэнэ ламын эрдэм үйлс бүхэн нь багш , номын нөхөд , шавь нар болон сүсэгтэн олон та бидний сэтгэлд үргэлжид дуурсагдан  үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, номын нөхдөд нь  гүн эмгэнэл илэрхийлье.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ