Дуу хууртай Дундговийн шатарчин
лсын долоон удаагийн аварга, нэрт шатарчин Ж.Лхагваа шинэ оны өмнө гавьяат дасгалжуулагч цол хүртсэн билээ. Түүнийг энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа.
Нутгийн өвгөчүүлээс шатар тоглож сурсан хүүхэд нас
Анх удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд тоглож буй нь.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын уугуул тэрээр зургаан хүүхэдтэй айлын бага хүүхэд ажээ. Монгол Улсад гуравхан байдаг шатрын спортын багш мэргэжилтэй Ж.Лхагваа 1944 оны намар оройхон Зоогийн ус гэдэг газар ээжийнхээ 44 нас, аавынхаа 60 насанд төрсөн байна. Тэрээр “Манай ээж намайг дүйчэн сайн өдөр төрсөн” гэж хэлдэг байсан гэж хуучлав. Түүний ээж зургаан хүүхэд төрүүлснээс хамгийн том нь Галсанжав гэдэг эмэгтэй нь сайхан залуу насандаа нас барсан аж. Харин Дамбадоо ах нь 94 насалсан ахмад дайчин хүн байжээ. Гавьяат дасгалжуулагчийн ээжийг Дэнжин, аавыг нь Дамдиннүрэн гэдэг. Нүрэн гэж нэрлэдгийн учир нь түүний төрсөн нутаг, сумынх нь хүмүүс хошуу ноён Гомбосүрэнгийнхээ дурсгалыг хүндэтгэж түүнтэй адилхан нэртэй хүний нэрийг Гомбо,Сүрэн нэртэй хүмүүсийн нэрийг нүрэн болгочихдог байсантай холбоотой гэнэ. Тэрээр шатарт дурлаж хорхойсоход нөлөөлсөн хүн болох ээжийнх нь ах Жамбалдоогоороо овоглодог аж. Ээжийнх нь ах болох энэ хүн шатар сайн нүүдэг байжээ. Мөн мигван, пог гэдэг тоглоомоо ч зааж өгсөн байна. Харин мал мах авах үеэр 1956 оны хавар тавдугаар сард сумынхаа төвд болсон 64 буудалт даамны тэмцээнд дөрөвдүгээр ангийн хүү тоглож түрүүлснээр хөлөгт тоглоомын анхны шагнал гурван төгрөг аваад ихэд баярлажээ. Нутгийнхаа өвгөчүүлтэй шатар тоглож сурснаар Жамбалдоо аавтайгаа их тоглодог байсан ч сүүлд аавынх нь хараа муудсанаар нартай үед л тоглодог болжээ. Сүүлд аавынх нь хараа бүр муудаад тоглохоо больсон гэж хуучлав. Ер нь халзан Чүлтэмпунцаг, Бөндөөн Дамдин, Логшир зэрэг сумандаа л авьяаслаг гэж тооцогддог, шатар гайгүй тоглодог гурав дахь ах Бат-Очир нартай тоглосоор шатрыг гайгүй тоглож сурсан аж. Мөн гавьяат дасгалжуулагчийн маань хүүхэд байхдаа тоглож өссөн даавуун хөлөгтэй, дөрвөлжин шоголтой сийлмэл шатрыг хөл муутай Гүрцог гэдэг хүн бэлэглэсэн гэдэг. Одоо тэр шатар нь Оюун ухааны музейд байдаг аж. Ийнхүү шатар тоглож сурсан Ж.Лхагваа хүү сумынхаа бага сургуульд 1952 онд орж 1956 онд дөрөвдүгээр ангиа дүүргэжээ. Мөн 1956 оны намар аймгийнхаа сургуулийн У.Бадарч орос хэлний багштай 5а ангид орж суралцаад дараа жилийнх нь намар төгссөн байна. Дараа нь 1957 оны намар тэр үед долоон жилийн сургалттай байсан Чойр хотын арван жилийн сургуулийн VI,VII ангид үргэлжлүүлэн суралцаж 1959 онд төгсчээ. Тэр үед сургуулийнх нь орос хэлний багшаар ажиллаж байгаад сүүлд МОНЦАМЭ-гийн сэтгүүлч, дипломатч болсон Ш.Нэмэхбаяр багш нь түүнийг дагуулаад шатарчдын гэрээр очдог.Ингэснээр зургадугаар ангийн хүү шатарт сайн болоод гэртээ харьсан гэнэ.
Сумандаа очоод анх шатар тоглож сургасан хүмүүстэйгээ тоглосон байна. Мөн тэргээ хасч тоглоод хождог байсан н.Бат-Очир ахтайгаа тоглоод тэнцдэг. Дараа нь тэргээ хасч тоглоод хождог болсон байна. Ингэж сайжрахад нь Ш.Нэмэхбаяр багшийнхаа захиалдаг байсан Оросын “Шахматы” сэтгүүлийг хардаг байсан учраас онолын жаахан мэдлэгтэй болсон нь нөлөөлсөн ажээ. Чойрт сурч төгсөөд аймгийнхаа 10 жилийн сургуулийн VIII ангид шилжиж сүүлд гавьяат багш болсон М.Банзрагч багштай 10а ангид гурван жил суралцаад 1962 онд төгссөн байна. Харин Ж.Лхагваа IX ангид байхдаа тооныхоо хичээлд сайн, теннис, шатар гайгүй тоглодог болоод байсан ч тамирчин хүнд тохиолддог спортын уналттай үе таарчээ. Аравдугаар ангийн Жамбалд хожигдоод сургуулийн аварга болж чаддаггүй. Тооны олимпиадад орсон ч амжилттай сайн оролцож чадаагүй түүнийг М.Банзрагч багш нь чи биеэ тоож байна, онгирч байна гэж зэмлэж, жаахан жавтий хүртээжээ. Мөн шинэ жилийн үеэр II улирлаар тооныхоо хичээлд муу гараад ангийнхаа амжилтаас хойш чангаасан хэрэгт орсон байна. Багш нь ангидаа орж ирээд хүүхдүүдтэйгээ мэндлээд л түүнийг хармагцаа сууцгаа гэж чанга дуугарч гэнэ. Ж.Лхагваа суух гэтэл чи нааш ир гэж дуудахад энэ ч хэрэг бишдлээ гэж боджээ. Яваад очтол нэг цохиод дахин цохих гэхээр нь өөрийгөө хамгаалтал багш нь гараа буулга чи гэж загнаж байгаад хоёр алгадаж өгөөд түүнийг суу гэж. Харин гавьяат багш маань үүнийг нь хүн багшаасаа ухамсрын шанаа хүртэж явснаа зодууллаа гэж бодож болохгүй. Энэ чинь хүмүүжилтэй болох сургамж авч байгаа гэсэн үг гэж хэлсэн юм. Бас гайгүй тоглодог болоход нь өндөр Чимэдцэрэн гэдэг хүн нөлөөлсөн аж.
Улсын I зэрэгтэй шатарчин
Шатрын улсын аваргын тэмцээнд оролцсон шатарчид 1963 он.
X ангид байхдаа аймгийнхаа шатрын тэмцээнд түрүүлжээ. Тиймээс Чимэдцэрэн багштайгаа хоёулаа 1962 оны дөрөвдүгээр сарын 10-даар Өмнөговь аймагт болсон бүсийн шатрын тэмцээнд оролцохоор явсан байна. Тэмцээнд Төв, Өвөрхангай, Дундговь аймаг, хотоос тухайн үеийн Шатрын холбооны дарга, Сайд нарын зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга байсан Н.Бадарч гэдэг хүн очжээ. Тэр хүн хотод байгаа нэртэй шатарчдаа аймгуудаар тараагаад тэндээсээ шалгарч ир гэсэн болзолтойгоор явуулдаг байсан аж. Тэмцээнд 1964 оны Төв хорооны бүгд хурлаар шийтгүүлсэн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын заримтай нь таарч тоглон тэнцэж байжээ. Бүсийн шатрын энэ тэмцээнд Өмнөговь аймгийн эмч байсан н.Лхасүрэн түрүүлж X ангийн сурагч Ж.Лхагваа II, дараагийн байрт Чимэдцэрэн багш нь орсон байна. Ийнхүү 18 настай хүү 1962 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор царцаа ногоон онгоцоор нисчээ. Харин түүнийг тэмцээнд явахаас өмнө анги даасан багш М.Банзрагч нь 100 төгрөг, бүс, сургуулийнх нь бүдүүн хэмээх захирал н.Банзрагч 25 төгрөг өгсөн байна. Тэр үед замдаа бууж хүн аваад хот руу нисдэг байсан онгоцонд олгойгоо эргэтэл бөөлжсөөр хотод иржээ. Тэгээд хотод ирээд Спортын төв ордны дөрвөн давхарт Ж.Лхагваа болон бусад шатарчныг буулгасан байна. Мөн Худалдааны үйлдвэрлэлийн сургуулийн урд байсан 14 дүгээр гуанз, заримдаа Сүхбаатарын талбайн баруун хойно байсан Алтай ресторанд оруулж хооллодог байсан гэнэ. Харин буусан газрынх нь нэгдүгээр давхарт болсон тэмцээнд Хөвсгөлөөс н.Цэрэнбат, Сүхбаатараас н.Данзан, Ховдоос н.Данзан, Хэнтийгээс н.Утайхүү, Завханаас н.Завханжүгдэр, их сургуулийн орос хэлний багш Д.Пэлжид, Сүхбаатар аймгаас 1961 оны аварга, одоо 94 настай Г.Чилхаасүрэн, Дорнод аймгийн Ш.Пүрэвжав нароролцжээ. Харин ерөнхий шүүгчээр нь Ганжуур ажилласан тэмцээний тав дахь өдрийн тэмцээнд Ж.Лхагваа өнгөрсөн жилийн аварга Г.Чилхаасүрэн гуайг хожиж шуугиан тарьсан байна. Ийнхүү улсын шатрын тэмцээнд анх удаа оролцож найм хожсоноор улсын I зэргийн тамирчин хэмээх улсын цолыг авсан гэдэг.
Шатрын багш, дасгалжуулагчаар сурахаар ЗХУ-ыг зорив
Ж.Лхагваагийн шавь нартаа хичээл заасан нь өөрөө тоглосноос хол илүү.
Тэмцээнд анх оролцсон жилийнхээ хавар Эдийн засгийн дээд сургуульд оржээ. Түүнийг энэ сургуульд сурахаар ирэхэд нь “Хүний ганц” зохиолыг бичсэн зохиолч З.Сандагаа багш их дуртай байсан гэдэг. Нэгдүгээр дамжаагаа төгссөний дараа 1963 оны наадмын үеэр болсон Монголын бүх ард түмний II спартикиадад сургуулиа төлөөлж оролцон түрүүлээд 50 төгрөг, медаль, дипломаар шагнуулсан аж. Мөн энэ тэмцээний бөхийн барилдаанд Санхүүгийн техникумээс ирж барилдсан Ж.Мөнхбат аварга түрүүлж байжээ. Тухайн үед сургуулийнх нь захирал байсан н.Батмөнх сургуулийнхаа нэрийг хамгааллаа. Шатраа сайн тоглоорой. Хичээлээ сайн хийгээрэй гээд баяр хүргэсэн байна. Харин II дамжаанаасаа нэлээн тааруухан сурч байгаад шатар руугаа гүнзгийрээд явчихаж. Тэгсэн 1964 оны намар худаг ухахаар явах гэж байх үеэр захирал н.Батмөнх нь дууджээ. Яваад очтол захирал нь хэдэн хүн хождогоороо чи битгий онгироод бай. Тэгээд боловсон хүчин н.Хуушаанаа дуудаад Ж.Лхагваагийн хувийн хэргийг нь аваад ир, шатар руу нь явуул гээд сургуулиас нь хасчихжээ. Долдугаар сарын тэтгэлгээ авсан уу чи гэхээр нь авсан гэж. Тэгэхэд нь буцааж төлөөрэй чи гэхээр нь байхгүй гэж хэлэн чимээгүй болчихож. Захирал нь тэр мөнгөө ч буцааж аваагүй аж. Ж.Лхагваа гавьяат дасгалжуулагч, н.Баянмөнх захирал түүнийг сургуулиасаа хасч шатар руу явуулснаараа амьдралыг нь зааж өгсөн нүдээ олсон хэрэг болсон гэж гавьяат маань үздэг юм билээ. Тиймээс энэ хүнд талархаж явдаг аж. Ингээд сургуулиасаа хасагдаад 1965 оны нэгдүгээр сард улсын шигшээ багт элссэнээс жилийн дараа цэрэгт явжээ. Тэнд “Алдар” спорт хорооны нийгэмлэгийн нэрийн өмнөөс шатар тоглоод 1968 онд улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаар анх удаа олон улсын тэмцээнд буюу Швейцарийн Лукана хотод болсон тэмцээнд оролцжээ. Дараа нь 1970 онд Германд Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон байна. 60 орон оролцсон тэмцээнд манай баг 17 дугаар байрт бичигдсэн амжилтыг үзүүлжээ. Үүнийг нь Монгол Улсын төр, засгаас үнэлж НТХ-ийн Ж.Самбуу тэргүүтэй хүмүүс тэднийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр шатрын спортод амжилт үзүүлж байгаа хүмүүсийг Москвагийн Биеийн тамирын сургуульд нээгдсэн шатрын ангид суралцуулахаар болсныг дуулгажээ. Ингэснээр гавьяат дасгалжуулагч Ж.Лхагваа 1972-1976 онд уг сургуулийн шатрын багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Оюутан байхдаа Монголд ирж 1974 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор түрүүлж анх удаа аварга болсон аж. Үүний дараа 1976, 1977 онд аварга цолоо бататгажээ. Сургуулиа төгсч ирээд Г.Жигжидсүрэнгийн клубт хүүхдүүдтэй гурван сар ажилласан байна. Дараа нь тэтгэвэрт суух хүртлээ Биеийн тамирын үндэсний төвд очжээ. Мөн шатрын спортыг зохион байгуулах ажилд илүү хүчин зүтгэсэн байна. Тухайлбал, 1980 оноос хойш Шатрын холбооны нарийн бичгийн даргын ажлыг 20 жил хашсан байна. Тамирчны хувьд 1963 онд дэд мастер, 1971 онд спортын мастер болж улмаар 1988 онд дэлхийн шатрын холбооны мастер цолыг гадаад, дотоодын олон тэмцээнд оролцсон үзүүлэлт нь ахисаар 2300 хүрэхээр олгодог журмын дагуу хүртсэн аж. Сонирхуулахад тэрээр 1983 онд манай оронд болсон 100 буудалт даамны тэмцээнд 54 хүнтэй зэрэг тоглож даамны дэлхийн хошой аварга, их мастер В.Шёгеловыг ганцаараа хожиж явжээ. Зуун буудалт даамыг тоглочихдог байсан гавьяат дасгалжуулагч Ж.Лхагваа Засгийн газрын зүүн талд байсан хуучнаар Хэвлэх үйлдвэрт очиж түүнтэй тоглосноор хоёр тэнцэж, нэг хожигджээ. Уулгүй талын цусгүй талын тулаан шатрын спортод амьдралаа зориулсан ахмад шатарчин маань 1978 онд олон улсын мастер Т.Үйтүмэн III байртшалгарсан Азийн бүсийн Иранд болсон тэмцээнд оролцохдоо тус улсын шатарчинд хожигдож олон улсын мастер цолыг хүртэх боломжоос атгаад алдаж байжээ. Харин түүний хамгийн сайн амжилттай оролцож тоглосон олимпиад нь 1970 онд Зейген гэж баруун Германд болсон тэмцээнд бусад орны шатарчидтай тоглож 11 хагас хожил авч байсан гэж хуучлав. Түүнээс гадна тухайн үеийн сайн шатарчин Т.Үйтүмэн, Ц.Мягмарсүрэн нарын хүчээр өдий зэрэгтэй шатарчин болсон гэж байлаа. Шатрын спортод хөл тавьж Өмнөговь аймагт болсон бүсийн тэмцээнд оролцсоноос хойш 25 удаа тэмцээн олимпиадад 355 өрөг тоглож 160-д нь хожсон ахмад шатарчин, гавьяат дасгалжуулагч маань 1968, 1970, 1974, 1980, 1982, 1990, 1992 оны олимпиадад оролцож гадаадын шатарчидтай ухаан, хүч чадлаа сорьж явжээ. Гэхдээ ганц шатарчнаар ч биш дасгалжуулагчаар явж байсан аж.
Гэр бүлээрээ.
Гавьяат дасгалжуулагч маань гурван хүүхэдтэй айлын өрхийн тэргүүн. Тэрээр 1963 онд хөнгөн атлетикийн тамирчин эхнэр Ц.Бадамцэрэнтэйгээ анх танилцжээ. Дараа нь “Алдар” спорт хороонд ирээд илүү дотносож танилцсанаар гэр бүл болжээ. Өмнөговийн харьяат эхнэр нь хөнгөн атлетикийн жад шидэлтийн олон улсын мастер аж. 1967 онд Туркменд болсон тэмцээнд оролцохдоо жад шидэлтээр тогтоосон амжилт нь одоо хүртэл эвдэгдээгүй байна гэж хэлэхдээ ахмад шатарчин маань эхнэрийнхээ амжилтаар бахархаж байгаа нь илт байв. Эхнэр Ц.Бадамцэрэн нь 2000 онд БНХАУ-ын Дайлян хотод болсон Ази тивийн ахмадуудын тэмцээнд жад шидэлтийн төрөлд оролцсон Ази тивийн аварга ажээ. Харин 2017 онд Францын Леон хотод болсон ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн гэнэ. Тэр үеэр Германд амьдардаг охин нь хүүхдүүдтэйгээ ирж ээжтэйгээ уулзсан гэж Ж.Лхагваа багш маань ярив. Мөн өнгөрсөн жил жад шидэлтээрээ улсынхаа аваргын болзлыг хангачихсан гэнэ. Харин түүний гурван хүүхдийн хоёр нь волейболын олон улсын хэмжээний мастер бөгөөд спартикиадын олон удаагийн аварга. Харин бага охин нь спорт хөөгөөгүй. Германд сурч төгсөөд тэндээ ажиллаж, амьдарч байгаа аж. 10 гаруй ач нараас нь тоглодог хүн байхгүй бөгөөд шатрын спорт хэцүү спорт хэмээсэн юм. Шатрын долоон удаагийн их аварга маань шатраас гадна нэрээр нь овоглосон ахынхаа заасан мигманыг тоглодог байсан аж. Тиймээс 2007 онд Монгол-Японы найрамдал соёлын шинэ мянганы баярын хүрээнд болсон Монгол-Го даамны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүн байр эзэлсэн учраас өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр Монгол-Го-гийн холбоо, Японы Элчин сайдын яамнаас шагнаж байжээ. Түүнээс гадна шатрын спортын тамирчин, сонирхогч нарт зориулсан олон ном товхимлыг бичиж, орчуулсан байна. Харин одоо өөрийнхөө шатар дагасан амьдрал, намтраа өгүүлсэн “Ухааны учиг, оюуны минь оньс болсон шатар мину зэ”гэсэн нэртэй ном гаргахаар бэлдэж байгаа юм. Мөн шатрын спортынхон бүгд түүнийг багшаа гэж дуудаж, хүндэлдэг. Ж.Лхагваагийн анхны шавь нь 1999 оны шатрын аварга, одоо шатрын багшаар ажилладаг н.Төвсанаа, спортын мастер Ц.Лхагвасүрэн нар ажээ. Тэд 1976 онд нээсэн шатрын дамжаанаас нь гарсан шавь нар аж. Мөн түүн дээр улсын таван удаагийн аварга, спортын мастер болсон Б.Анхчимэг, олон улсын мастер, улсын гурван удаагийн аварга Д.Янжиндулам гэсэн шатарчид мөн л шавь нь ажээ. Харин шатарчдын хамгийн адармаатай, давж нүүдэг, нүүдлүүдийн гогцоог гаргаж өгдөг бод нь морь гэж Ж.Лхагваа багш үздэг ажээ. Өрсөлдөгчөө дарангуйлах боломжийг өгдөг учраас хоёр тэмээгээр тоглох дуртай ч энэ нь говийн хүн гэдэгтэй нь огт холбоогүй гэж ахмад шатарчин маань тайлбарлав. Дурдаад байвал шавь олонтой, шатрын спортод хийсэн зүйл арвинтай шинэхэн гавьяат дасгалжуулагчтай хийсэн уулзалт маань энэ хүрээд өндөрлөлөө.
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин