МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэхээр ярилцаж байна

А.Гитлерийн хэлсэн "Улс төр бол хэлэлцэн тохирохоос өөр юу ч биш" гэдэг үгийг батлахуйц нэгэн үйл явдал Монголын улс төрд өрнөж байна.Тодруулбал МАН, МАХН нэгдэхээр яриа хэлэлцээ явагдаж буй аж.
Учир нь МАН-ын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялах, үүний тулд зөвхөн уг сонгууль төдийгүй ер нь цаашид хамгийн том санал хуваагч байх магадлалтай улс төрийн хүчинг өөртөө нэгтгэх, төвлөрөл бий болгох шаардлага байгаа. Харин МАХН, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нэгэнт улс төрийн зам нь мухардаж эхэлсэн тул ямар нэг байдлаар эрх баригч хүчинтэй тохиролцоо хийж, эрх мэдэлд хүрэх хүсэл бий.
МАН, МАХН-ын дээрх шаардлага тус хоёр намыг нэгдэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд хүргэсэн бололтой.
МАН, МАХН нэгдэх яриа хэлэлцээг хоёр талаас МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ЕНБДарга Б.Тулга нар ахлан хийж буй юм байна.МАН-ын зүгээс МАХН-ыг намаа татан буулган, дагаар орохыг санал болгосон бол МАХН ямар нэг хэлбэрээр намууд нэгдэж буй мэт хууль эрх зүйн шийдлийг гаргах хэрэгтэй гэж үзэж буй гэнэ. 
Сонирхолтой нь уг яриа хэлэлцээг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар анхнаасаа эрс эсэргүүцэж буй бөгөөд хэрэв МАН, МАХН нэгдвэл уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, бие даагч болно гэдгээ МАХН-ын удирдлагуудад шуудхан илэрхийлжээ.
Нэгдсэн намын удирдах зөвлөлд МАХН-аас хэдэн хүн багтах, Засгийн Газарт хэдэн сайд орж ажиллах, цаашид нэгдсэн нам шийдвэр гаргахдаа ямар квот, зарчмаар ажиллах вэ? гэх мэт асуудлыг талууд ярилцаж буй бөгөөд уг асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрэх эсэхээс МАН, МАХН нэгдэх үү? үгүй юу? гэдэг нь эцэслэн шийдэгдэх юм байна.Мөн хэрэв нэгдэх асуудлаар ойлголцож чадахгүй бол МАН, МАХН-ын эвсэл байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох хувилбар ч бий аж.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ