Цусны салбарт нэвтрүүлсэн мэдээллийн технологийн ололтууд

Эрүүл мэндийн салбарт түгээмэл нэвтэрсэн нэг шинэчлэл нь теле анагаах ухаан бөгөөд эмч нар өвчтөнөө алсаас үзэж, оношийг нь шууд тавьж байна. Мөн манай улсын цусны салбарын бүх байгууллагыг хамруулсан цахим сүлжээ байгуулан, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-өөс хянах систем нэвтэрчээ.           
ЦССҮТ-д 2014-2019 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 (ЭМСХХ-5) төсөл хэрэгжсэн юм. Энэ төслөөр ЦССҮТ, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, хүн ам олноор суурьшсан сум болох Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн цусны төвийн барилгыг засварлаж, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангажээ. 
2016 онд эдгээр байгууллагууд нийт 4.3 сая ам.долларын үнэтэй, 145 төрлийн 850 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Эдгээрийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх явцад ашигладаг. Шинэ тоног төхөөрөмжүүдээр хангаад зогсохгүй засвар, ашиглалтыг хянах удирдлагын төвийг эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлсэн юм. Тодруулбал эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний загвар төвийг ЦССҮТ-д байгуулжээ. Энэ төв улс даяарх цусны төвүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг хариуцан ажиллаж байна.
АХБ-ны Эрүүл мэндийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа засварын нэгжийн ач холбогдол маш өндөр, цусны салбар төвүүд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад чухал нөлөөтэй гэж дүгнэсэн юм. 
-Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг байнга, найдвартай хийх шаардлагатай. Бид ЦССҮТ-д Цусны салбаруудын тоног төхөөрөмжийг засварлах нэгж байгуулан, мэдээллийн технологийн програм хангамжийг нь ч шийдсэн. ЦССҮТ-ийн мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хэзээ, аль аймгийн ямар тоног төхөөрөмжид урсгал засвар үйлчилгээ хийх, эд анги солих шаардлагатайг алсаас буюу оффисоосоо хянадаг. Бүх аймагт нэг төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн тул засварын нэг нэгж бүгдийг нь хариуцах боломжтой.
Засварын нэгжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн, төслийн хүрээнд олгосон тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангах нь чухал. Учир нь эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ тулгамдсан асуудал мөн. Зарим аймагт сайхан тоног төхөөрөмжүүд бий ч эвдэрсэн гээд бүтээгээд тавьчихсан. Юу нь эвдэрснийг мэддэггүй. Гэтэл тэдгээрийг зээл, тусламжаар өндөр үнээр худалдан авдаг. Иргэд төслүүдийн үр дүн хаана байна гэж асуудаг шүү дээ.
Аймгийн эмнэлгүүдэд 1-2 инженер бий ч тэд бүх тоног төхөөрөмжийг засаж чадахгүй. Компьютер томограф л гэхэд аль брэндийнхээс хамаарч өөр засвар үйлчилгээ шаарддаг. Бид тоног төхөөрөмж нийлүүлсэн компанитайгаа 2-3 жилийн баталгаат хугацааны гэрээ байгуулдаг юм. Гэрээ дуусахаар эмнэлэг өнөө компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд засварын төлбөрийг тухайн эмнэлгийн төсөвт суулгах хэрэгтэй.
ЦССҮТ-ийн инженерүүдийн одоо ашиглаж буй хоёр програм хангамжийг “IT zone” компани тендерт шалгарсны үндсэн дээр хийсэн нь эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн анхны програм хангамжид тооцогдож байв. Эхний програм нь Засвар үйлчилгээ, удирдлага, хяналтын систем юм. ЦССҮТ болон улс даяар байрлах 26 цусны салбар төвийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг энэ програмаар баркоджуулж бүртгэжээ. Өмнө нь эмнэлгүүдэд ашигладаг байсан, техник ашиглалтын паспортыг цахимжуулсан гэсэн үг юм. Энэ програмын тусламжтайгаар инженерүүд тоног төхөөрөмжийн арчилгаа, үйлчилгээ, засварын тэмдэглэл хөтөлж, хэзээ аль төхөөрөмжид засвар хийх огноог урьдчилан сануулснаар тухайн хугацаа болоход инженерүүдэд дохио илгээдэг аж.
“Сүүлийн үед дэлхий нийтээрээ QR код ашиглаж байна. Энэ кодын хэвлэгч, уншигчийг төслийн хүрээнд хангаж, засвар үйлчилгээний явцад гарч болох алдаа эрсдэлээ бууруулжээ. Тоног төхөөрөмж дээрх бар кодыг уншуулахад ямар үйлдвэрээс нийлүүлсэн, хаанаас санхүүжүүлсэн, хэзээ суурилуулсан, сургалт явуулсан, эсэх, ямар дагалдах хэрэгслүүдтэй, шүүлтүүрийг нь хэзээ солих, тос тосолгоо хийх үү, ямар тохируулга хийх гэх мэт бүх мэдээлэл дэлгэцэн дээр гардаг байна.
Техник ашиглалтын пасспортоос илүү мэдээлэл агуулдаг, ажил хөнгөвчлөн бүтээмж өсгөх давуу талтай” гэж ЦССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологийн албаны инженер Ч.Далайцэрэн тайлбарласан юм.
Мөн тэрээр “21 аймгийн нэгдсэн эмнэлэг эсвэл бусад салбар төвийн аль нэг тоног төхөөрөмж эвдэрвэл юуны өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн инженер засна. ЦССҮТ-ийн засварын баг тэднийг мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй. Цусны салбар төвүүд Засвар үйлчилгээ, удирдлагын системээр дамжуулан засварын захиалгаа бидэнд ирүүлдэг” гэсэн юм.            
Хэдий шинэ тоног төхөөрөмжүүдтэй байгаад тэдгээрийг зааврын дагуу, зөв ашиглахгүй бол Ж.Алтантуяа мэргэжилтний хэлснээр хайран хөрөнгө оруулалт болно. ЦССҮТ болон цусны бусад салбарт нийлүүлсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын эхний сургалтыг ханган нийлүүлэгч компаниуд явуулж, гарын авлагаар ч хангасан байна. Эмнэлгийн 36 төрлийн багаж, тоног төхөөрөмжийн сэдвээр арван удаа сургалт зохион байгуулж, улсын хэмжээнд 324 засвар үйлчилгээний инженер, техникч, бусад ажилтнуудыг хамруулжээ. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн менежментийн талаар гарын авлага боловсруулсан аж.
Халдвар үүсгэгч эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх тоног төхөөрөмжийн асуудлыг Монгол дахь “Интерсайнс” компани хариуцан ажиллаж байна. Энэ компани тоног төхөөрөмж суурилуулах, завсар үйлчилгээ хийх сургалтыг  АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулж, инженерүүдийг сургасан. Энэ сургалтанд ЦССҮҮТ-ийн  Ч.Далайцэрэн инженер ч бас хамрагджээ. Эдгээр инженерүүд онолын мэдлэг, дадлага эзэмшин шалгалт өгч гэрчилгээ авсан байна.
ЦССҮТ-ийн Мэдээллийн технологийн албаны өдөр тутам ашигладаг бас нэг програм нь Хүйтэн хэлхээний температурыг хянах систем юм.
Сүүлийн өдрүүдэд КОВИД-ын эсрэг вакцины мэдээнд хүйтэн хэлхээний хяналт гэх үгс дуулдах болсон. Энэ нь хөргөгч, хөлдөөгч, хүйтэн өрөөний температурын цахим хяналт юм. Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө хөргөгчний температурыг эмч, мэргэжилтнүүд тодорхой давтамжаар, биеэр очиж хянан гараар тэмдэглэл хөтлөн баримтжуулдаг байжээ.
Төсөл эхлэх үед буюу 2013 онд хүйтэн хэлхээний менежменттэй холбоотой дараах хүндрэлтэй асуудлууд тулгамдаж байлаа:
  • Хүйтэн хэлхээний байгууламж, төхөөрөмжүүд зориулалтын бус
  • Хүйтэн хэлхээний нөхцөл, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ хангалтгүй
  • Хүйтэн хэлхээний зарчмуудын талаарх мэдлэг дутмаг
Мэдээллийн технологийн эдгээр програм хангамжуудыг нэвтрүүлснээр ЦССҮТ болон 26 салбар төвтэй цахимаар холбогдон, нэгдсэн мэдээллийн баазтай болжээ. Тухайлбал цусны албаны үндсэн үйл ажллагааны програмыг сайжруулан хэн гэдэг донор хэзээ, хаана цусаа өгсөн ямар шинжилгээ хийгдсэн, ямар бүтээгдэхүүн болсон ямар ажилтнууд гардан хийсэн зэрэг бүх  мэдээллийг хуваалцах, хянах боломж бүрдсэн байна.
Эрэгтэй донор хоёр сар тутамд, эмэгтэй донор гурван сард нэг удаа цусаа бэлэглэх журамтай. Энэ хугацаанаас өмнө донор цусаа өгөх гэвэл систем бүртгэх эрх үүсдэггүй. Мөн өмнө нь цусаа өгч бүртгэлд орвол бүр эсвэл түр хасагдсан иргэдийн мэдээллийг програм бүрэн харуулдаг. Товчоор хэлбэл тухайн хүнээс цус авч болох, үгүйг сувилагчид урьдчилаад мэдээлнэ. Ингэснээр цусны салбаруудын зардал хэмнэх боломжийг олгожээ. Тухайн иргэн донорт тохирох, эсэхийг мэдэхгүйгээр цус авбал урвалж бодис, оношлуурын гэх мэт тодорхой зардал гаргадаг юм.           
Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд цусны албанд нийт 15 шинэ технологи суурилуулсны заримыг товч танилцуулав. Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэг энэ загвар нэгжийн зураг төсөл, урсгал, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж сонгоход  зөвлөмж өгч ажилласан юм.
АХБ-ны Эрүүл мэндийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа “ЦССҮТ-ийн Мэдээллийн технологи, инженер техникийн тасагт эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг багцлан хариуцуулсан нь үр дүнд хүрсэн. Цаашид ийм загварыг эрүүл мэндийн бусад чиглэлд нэвтрүүлэх саналыг бид тавьдаг. Энэ загварыг цааш үргэлжлүүлэх нь Засгийн газрын үүрэг. Бид үүнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэсэн юм.
ЦССҮТ-ийн Засвар үйлчилгээ, удирдлагын төв дээрх програмуудыг нэвтрүүлээд хэдийнэ таван жил өнөрчээ. 2016 оноос хойш энэ програмыг ашиглах явцад дахин сайжруулах шаардлагууд үүссэн аж. Учир нь эмнэлгийн хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглан, зөв удирдах нь өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, зардлыг бууруулах ач холбогдолтой.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ