Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хурал боллоо

   Монгол Улсад Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байна. Түүхт ойд зориулсан баярын хурал Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,
Мянганаар өртөөлсөн Монгол төрийн гал голомтыг энэ цаг үед түүчээлж буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн түүхт ойн баярыг мэндийг дэвшүүлье.
   1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн морин цагт Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээх эх орончдын тэмцэл ялалтад хүрч, 200 гаруй жилийн дараа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин мандуулж VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, анхны таван яамыг байгуулсан билээ.
Богд хааны зарлигаар “тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэсэн”
- Гомбын Цэрэнчимэдийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Минжиддоржийн Ханддоржийг Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Гадинбалын Чагдаржавыг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Галсанцэвэгмидийн Гомбосүрэнг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар,
- Мижиддоржийн Намсрайг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоон томилсон түүхтэй.
    Эзэнт гүрний гал голомт хоёр зуу гаруй жилийн туршид харийн ноёрхолд автаж, Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсан байсан түүхийн нэн эгзэгтэй цаг үеийг эцэг дээдэс минь ийнхүү ялан дийлсэн билээ. Монгол Улсын анхны таван яам нь улсын төсөв санхүү нь бүрдээгүй, бие даасан хууль эрхзүйн тогтолцоо нь төлөвшөөгүй, дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй, зэвсэгт хүчин нь хөгжин бэхжээгүй амаргүй хүнд сорилтын цаг үеийг амжилттай даван туулж чадсан мартагдашгүй түүхэн гавьяатайг түүхт 110 жилийн ойн индрээс онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Түүхэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж чадсан анхны таван яамны сайд, эх орончдодоо Засгийн газраа төлөөлж гүн хүндэтгэл илэрхийлье.
Эрхэм нөхөд өө,
Өнөөдөр Та бидэнд өмнөх үеийнхнээс дутахгүй хүндрэл бэрхшээл, түүнийг ялан туулах түүхэн сорилт тулгараад байна.
Хүн төрөлхтөн дэлхийн II дайнаас хойш туулж үзээгүй цар тахлын хүнд сорилттой тулгарч, дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, гадаад харилцаа, боловсрол зэрэг бүхий л салбарт төдийгүй, та бидний амьдралын хэмнэл танигдахын аргагүй өөрчлөгдлөө.
Монголчууд биднийг энэ сорилт тойрсонгүй ээ. Экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, 200 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон амаргүй цаг үед та бид хамтдаа төр түмнийхээ төлөө ажиллаж байна.
Манай улс цар тахлын халдварыг дотооддоо алдалгүй 10 сар барьж чадсан нь вакцинжуулалттай золгох томоохон боломжийг бүрдүүлж чадсаан. Вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй эхлүүлж, шуурхай зохион байгуулж чадсанаар өнөөдрийн байдлаар нийт хүн амын 66 хувийг бүрэн тунд, зорилтот бүлгийн 47 хувийг нэмэлт III тунд хамрууллаа. Вакцинжуулалтын үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлж, энгийн амьдралын хэмнэлд үе шаттайгаар шилжүүлж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, эдийн засгаа алхам алхмаар сэргээх боломж бүрдсэн билээ.
Өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын хүндрэлийг даван туулах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барилаа. 1932 оны Шинэ эргэлтийн бодлого шиг, энэхүү цогц бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад түүхэн ач холбогдол өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилтот хөтөлбөр юм.
Цар тахлыг даван туулах амаргүй тэмцэлд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өдөр шөнийг үл ялган, хичээнгүйлэн ажилласан төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.
Цар тахал таамаглаагүй хүндрэл, төсөөлөөгүй сорилтуудыг учруулсаар байгаа ч Та бид өнөөдрийн сэтгэлзүйд автан хөгжлийн үндсэн зорилтуудаасаа ухарч няцах ёс зүй үгүй ээ.
Өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлж, алдаа дутагдлаа засаж, ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ийг хэрэгжүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжих суурь нөхцөл мөн.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд
· Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар авлигыг бууруулж, Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийг 50-иас доошгүй хувиар бууруулна.
· Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгох эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ
· Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана.
· Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
· Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж, хөгжлийг хязгаарласаар байна. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.
· Төрийн алба иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, энгийн байх ёстой. Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгагч, иргэддээ үйлчлэгч байх учиртай.
“Эрдэм илүү, сахилга ариун, хэрэгт хичээнгүй” байх нь анхны таван яамны албан хаагчдын үндсэн шаардлага, төрийн түшмэлийн ёс зүйн жишиг байжээ.
    Монголын төр өнгөрсөн зууныг тусгаар тогтнол, эрх чөлөөг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол ирэх зууныг эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулах болно.
Шинэ зууны их үйлсэд нь амжилт хүсье“ гэлээ.
Засгийн газрын анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.      Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа.
Засгийн газрын анхны таван яамыг төлөөлж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж үг хэллээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ