Олон улсын атомын энергийн агентлагийн үнэлгээний баг МХЕГ-т ажиллав
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2015-2021 онд хэрэгжсэн төслүүдийн хэрэгжилтийг шалгах Аудитын баг Монгол Улсад ажиллаж байна. Энэхүү үнэлгээний баг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаж, төслийн тайланг хэлэлцэн, санал солилцлоо.
Ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын байгууллагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлсэн “Хяналтын болон цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулах нь“, “Цацрагийн хамгаалалтын техникийн хүчин чадал болон зохицуулалтыг сайжруулах нь”, “Цацрагийн хяналтын лабораторийн техникийн хүчин чадал болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах нь” төслийн үр дүнгийн талаарх мэдээлэл, цацрагийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж үнэлгээ өгөв.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ОУАЭА-ийн цацрагийн хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, хяналт шалгалтын болон аюулгүйн үнэлгээ хийх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, цацрагийн лабораторийн чадамжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Тухайлбал, хэрэгжсэн төслийн хүрээнд 15 нэр төрлийн 42 ширхэг зөөврийн багаж, тоног төхөөрөмж хүлээн авснаар эрсдэл бүхий объектыг хяналт шалгалтад бүрэн хамруулах, зөрчлийн тоог бууруулах нөхцөл бүрдсэн байна. Мөн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдсан байцаагч, мэргэжилтнүүд цацрагийн аюулгүйн дүрэм, норм боловсруулах, цацраг идэвхит ашигт малтмалын зөвшөөрөл, үнэлгээ хийх журам батлуулах, цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хяналтын байгууллагын дэвшилтэт арга барилыг нутагшуулах ажлуудыг амжилттай хийсэн нь салбарын хяналтын дэд бүтэц бэхжихэд чухал ач холбогдолтой байгааг дурдлаа.
Олон улсын мэргэжилтнүүд “Урьдчилсан байдлаар дүгнэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага нь төсөл хөтөлбөрийн хүрээнд цацрагийн хяналт шалгалтыг бэхжүүлсэн, хяналтын хүрээг өргөжүүлсэн, зарим төрлийн цацрагийн лабораторийн хэмжилт хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, өндөр нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдсэн, тэдгээрт нийцсэн үндэсний арга аргачлалыг боловсруулсан, төслийг зориулалтын хүрээнд хэрэгжүүлсэн байна” гэв.