Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсрууллаа

 
Анагаах ухааны салбарт дэлхийн улс орнууд эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ  цацраг идэвхт изотоп болон рентген аппарат төхөөрөмж ашиглан нийт оношилгооны 90 хувийг гүйцэтгэдэг бол манай улсад 340 гаруй эмнэлгийн байгууллага цацрагийн үүсгүүрийг эмчилгээ, оношилгоонд ашиглаж байна.Монгол Улсын анагаах ухааны салбарт цөмийн технологийн хөгжил дараагийн шатандаа шилжиж, хосолсон болон дэвшилтэт технологийг ашиглаж байна.Тухайлбал СПЕКТ/СТ (Нэг фотонт компьютерт/компьютер томограф) ашиглан эмгэгийн талаарх мэдээллийг эсийн болон бүтцийн түвшний өөрчлөлтүүдийн хүрээнд оношилж, хавдрын цацраг эмчилгээнд 2019 оны зургаадугаар сараас анх удаа шугаман хурдасгуурт иж бүрэн системийг нэвтрүүлэн гурван хэмжээст эмчилгээг хийж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд ПЕТ/СТ (Позитрон эмиссийн томограф/компьютерт томограф)-ийг оношилгоонд ашиглах цацраг идэвхт бодис, эмийн үйлдвэрлэлтийг улсын хэмжээнд анх удаа эмнэлгийн орчинд үйлдвэрлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Техник технологийн дэвшилтэй уялдуулан эрүүл мэндийн салбарын цацрагийн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, рентген цацрагийг ашиглахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагуудыг чанд мөрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс цацрагийн аюулгүй ажиллагааны дүрмийг шинэчлэн боловсруулсан. Уг дүрмийн төсөлд Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан Ионжуулагч цацрагийн үйлчлэлээс хамгаалах үндсэн стандартад заасан рентген шинжилгээний үеийн шарлагын тунгийн зөвлөх түвшнийг харгалзан зөвшөөрөгдөх дээд хэмжээ, холбогдох бусад үзүүлэлтүүд болон европын комиссын Шинжээчдийн өгсөн санал зөвлөмжийг тусгаж, Цөмийн энергийн комиссын Цацрагийн аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү дүрмийн төсөлтэй холбоотой саналыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт аюулгүй байдал” сэдэвт сарын аяны хүрээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжээс нэмэлтээр хүлээн авч байна.
Жич: Дүрмийн төсөлтэй холбоотой саналыг license@inspection.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ