“Трио” кино Солонгосын Jeonju-ийн кино наадамд сонгогдлоо
Монголд нээлтээ хийгээд удаагүй байгаа, яг одоо бүх кинотеатраар гарч буй “Трио” монголын уран сайхны кино олон улсын кино наадмуудаас ээлжит буюу 8 дахь навчаа хүлээн авлаа. Тодруулбал, Солонгосын Jeonju-ийн олон улсын 24 дэх кино наадамд сонгогдож, "Дэлхий шилдэг кино" хэсэгт уригдан наадмын үеэр гурван удаа гарч, Өмнөд Солонгосын премьерээ тус наадмын үеэр буюу 4 дүгээр сард хийхээр болжээ. Тус наадамд энэ жил дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээсэн байна. Монгол уран бүтээлчдийн хийсэн “Трио” киноны найруулагч, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр өнгөрсөн оны сүүлээр Монтреалийн кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авсан билээ. Тус киноны хамт олон Монгол, Тайланд, АНУ, Польш, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртсэн.