Замын хөдөлгөөнийг хянах, зөрчил илрүүлэх камерын 60 хувь нь ажиллахгүй байгаа
1994 оноос хойш замын цагдаагийн ачаалал ажлын ачаалал 5.3 дахин нэмэгдсэн
Засгийн газраас 2011 онд баталсан жишиг нормативын дагуу 350 тээврийн хэрэгсэл тутам нэг цагдаа ажиллах ёстой. Гэвч одоо 972 тээврийн хэрэгсэл тутам нэг замын цагдаа ажиллаж байна. Замын цагдаагийн орон тоог нэмэх боломжгүй учир камержуулалт, явган зорчигч зам тээврийн осолд орох гол шалтгаан болдог хашлага, гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Замын цагдаагийн албан хаагчийн орон тооны харьцааг сүүлийн 25 жилийн хугацаанд тооцож үзвэл 1994 оноос хойш ажлын ачаалал 5,3 дахин, нэг цагдаад ногдох тээврийн хэрэгслийн тооны норматив хэмжээ 2,7 дахин нэмэгдсэн. Улсын хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2018 онд 970 гаруй мянган байсан бол 2019 онд нэг сая, 43 мянга гаруй болж нэмэгдсэн. Үүний тал нь нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байна. Өөрөөр хэлбэл сардаа 2600, өдөртөө 87 тээврийн хэрэгсэл шинээр гэрчилгээ авч байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 1,6 сая зөрчлийг 2019 онд илрүүлжээ. 1,4 сая хүнийг 35 тэрбум төгрөгөөр торгосон. Гэвч үүнээс ердөө 18 тэрбум л нийслэлийн төсөвт төвлөрсөн буюу иргэд торгуулиа төлсөн. Замын цагдаагийн ачаалал хэд дахин нэмэгдсэн учир хөдөлгөөний аюулгүй байдлыг хүний хүчээр биш камержуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар сайжруулахад анхаарах шаардлага байна.
ТЦА-ны замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Улаанбаатар хотын харьяанд байгаа Удирдлагын төв өнөөдрийн байдлаар орчны нөхцөл байдлыг харах 38 CCTV буюу дэлгэцээр хардаг камер ажиллаж байна. Дээрээс нь нэмж энэ жил зургаан газарт угсрагдахаар ажиллаж байгаа ч техникүүд нь ажилд ороогүй байгаа. Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд ашиглагддаг 78 ширхэг мэдрэгч, төхөөрөмж, камераас одоогийн байдлаар 48 нь ажиллахгүй байгаа”
Одоо ашиглаж байгаа хяналтын камер нь 2009 оноос хойш ашиглаж байгаа учраас ашиглалтын хугацаа дуусах дөхсөн, дууссан, эвдэрсэн, засах сэлбэг эд анги нь олдохгүй болсон гэх мэт олон асуудал байна. Камержуулалтын асуудлыг шийдэхэд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэж ТЦА-ныхан тооцоолжээ. Шинэчлэн батлагдсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд торгуулиар төвлөрүүлсэн мөнгөний 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар тусгасан байгаа. ТЦА-аас өнгөрсөн онд 38 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан. Үүнээс 18 тэрбумыг нь иргэд төлж, тухайн мөнгө нь нийслэлийн төсөвт төвлөрсөн байдаг. Тиймээс камержуулалттай холбоотой асуудлын санхүүжилтийн эх үүсвэрийг энэ хуульд заасанчлан гаргах боломжтой гэж үзсэн байна. Мөн тус хуулийн 34-р зүйлд Иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200,000 төгрөгөөр торгосон бол тухайн иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний, түүнээс дээш хэмжээгээр торгосон бол 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заажээ. Энэ хүрээнд ТЦА зөрчил илрүүлэх хяналтын камерыг өөрсдийн хөрөнгөөр суурилуулж, илрүүлсэн зөрчлийнхөө тооноос хамаарч урамшуулал авах зарчмаар урсгал зардлаа өөрсдөө хариуцаад хотыг хяналтын камерын системтэй болгох чиглэлд хамтран ажиллах саналтай байгууллагуудыг дэмжихэд шаардлагатай журмыг боловсруулах, батлуулах хэрэгжүүлэхэд анхаарах нь зөв гэж үзсэн байна.
НЗДТГ-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Гэмт хэрэг зөрчлийг илрүүлж байгаа иргэнд төрийн шагнал тодорхойлох хүртэлх ажлыг аймаг, нийслэлийн салбар зөвлөлөөс уламжилж өгнө гэсэн зохицуулалттай” гэв.
Өнгөрсөн онд 88 явган зорчигч зам тээврийн ослын улмаас амиа алдсан. Зам тээврийн осол ихэвчлэн оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд гарсан байна. Энэ нь явган хүний гарцыг гэрэлтүүлсэн гэрэлтүүлэг хомс байгаатай холбоотой учир гэрэлтүүлэг, хашаа гэх мэтийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна гэлэ