Амны хаалт аюултай хог хаягдалд тооцогддог
Амны хаалт аюултай хог хаягдалд тооцогддог учир ил задгай хаяхгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.
Амны хаалтыг 2 цаг тутамд солих эсвэл угааж байх, зүүсэн амны хаалтаа энгийн хог хаягдалтай хамт хаялгүй, уутанд тусад нь хийж хаях ёстойг мэргэжлийн хүмүүс, эмч нар зөвлөж байна. Үүнийг ялангуяа эмнэлэг, үйлчилгээний байгууллагууд сахин мөрдөж ажиллахыг сануулж байна. Ингэхгүй бол хог хаягдалтай харьцаж буй (ачигч, хог цэвэрлэгч, үйлчлэгч зэрэг) хүмүүсээр дамжин өвчин халдахыг үгүйсгэхгүй гэж байна.
Гэтэл манайхан шууд, ил задгай хаяж байгаа нь тухайн амны хаалтыг зүүж байсан хүн ямар ч халдварт өвчинтэй байж болзошгүй, халдварт, олон төрлийн өвчин дэгдэх эрсдэл бүхий аюултайг онцолж байна.
Эмнэлэг үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас хянаж байна. Харин айл өрхийг хянах боломжгүй. Тиймээс иргэд энэ тал дээр гэр бүлийн гишүүд, бусад хүмүүсийг бодон соёлтой ухамсартай хандах хэрэгтэй. Энэ нь хувь хүний хариуцлага юм гэдгийг МХЕГ-аас сануулж байна.
БНХАУ-д гараад буй шинэ коронавирус өвчин амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг тул иргэдийг өдөр бүр амны хаалт зүүж байхыг ДЭМБ анхааруулж, зөвлөж байгаа юм.