Гамшгийн үед 193 байршилд түр цугларна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хурлын эхэнд Болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршлын тоог нэмэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл батлав. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршил, тоо хэмжээг тогтоосон байдаг. Уг тогтоолоор есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглахаар төлөвлөн баталжээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар 82 байршил нэмж, нийт 193 байршилд түр цуглахаар тогтлоо. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Гамшгаас хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2016 онд анх 111 байршлыг тогтоож байсан. Үүнээс хойш эрх зүйн орчныг шинэчилсэн учраас өөрчлөх шаардлага тулгарсан. Өнгөрсөн онд иргэдийг хамруулсан иж бүрэн сургалт, ажлыг зохион байгуулсан. Эндээс түр цугларах байршлуудын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан” гэв.