Валентины баяраар Орост цэцэг, бэлгэвчийн үнэ эрс нэмэгджээ
Гэгээн хайрын өдрийн өмнө ОХУ-д шоколадны үнэ 64.5 хувь, бэлгэвч 69.6 хувь, цэцгийн үнэ 35.6 хувиар эрс нэмэгдсэн тухай "Ромир" компанийн судалгааны тайланд дурджээ.
Хоёрдугаар сарын 6-11-ний хооронд үнэртэй усны худалдаа ердийн үеэс бараг гурав дахин, зүрхэн хэлбэртэй агаарын бөмбөлөг болон үнэрт лааны наймаа хоёр дахин нэмэгдсэн гэж Ozon компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Мөн дотуур хувцасны худалдаа эрс өсчээ.
Баярын өмнөх хоёр долоо хоногийн дотор хүмүүс гоо сайхны бараа, тоглоом, гоёл чимэглэл зэргийг голчлон худалдан авч байв. Жишээлбэл, гоёмсог цаг, зүүлтийн эрэлт 100 хувиар, зүрхэн хэлбэртэй зүүлтийн эрэлт 95 хувиар нэмэгджээ. Үнэртний цуглуулга эрэлтээ 60 хувиар нэмэгдүүлсэн байна. Зөөлөн тоглоомын худалдаа 80 хувиар өсчээ.
AliExpress компанийн хэвлэлийн алба тэмдэглэхдээ, хоёрдугаар сарын 14-ний өдрийн бэлэгний сонголт өөрчлөгдсөн гэв. Өнгөрсөн жил Гэгээн хайрын өдрөөр гоо сайхны бараа илүү эрэлттэй байсан бол энэ жил гоёл чимэглэл, хувцасны эрэлд гарцгаажээ.