Setguul.mn

Д.Шинэцог-Гени БНСУ-д дахин тоглоно

Хуваалцах:
Д.Шинэцог-Гени БНСУ-д дахин тоглоно

Морин хуурч, гарамгай уран бүтээлч Д.Шинэцог-Гени БНСУ-д тус улсын “Месса” симфони оркестртой хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжимд зориулсан III концертыг тоглохоор очсон билээ.

Хөгжимчинтэй холбогдож мэдээлэл авахад өчигдөр буюу энэ сарын 1-нд эхний удаа тоглоод байв.

-Дахин тоглоно гэлээ. Хэзээ вэ?
-Өнөө орой /2026.11.02/, мөн 4-нд тоглох юм. Испанид хөгжмийн олон улсын ЭКСПО-д оролцмогцоо шууд наашаа ирсэн болохоор мэдээлэл өгч ч амжсангүй. Энд намар бүр олон орны уран бүтээлчдийг оролцуулан зохион байгуулдаг New Jerusalim day’s хэмээх фестиваль болж байна. АНУ, Өмнөд Африк, Англи, Франц, Перу гээд нийт 15 орноос хөгжимчин, дуучин, бүжигчин, бусад төрлөөр үзүүлдэг уран бүтээлч ч иржээ. Азиас Япон, Филиппин, Монголын уран бүтээлчид л байна. Түрүү жил би энэ оркестртой хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжимд зориулсан III концертыг тоглосон юм. Удирдаач, хөгжимчдөд таалагдсан, мөн үзэгчид сайхан хүлээж авсан юм л даа. Тэр бүтээлээ энэ удаа дахин тоглооч гэж урьсан нь энэ. Удирдаач нь маэстро Чон Гин Хун.

-Таны бичлэгээс сайхан танхим харагдана. Олон суудалтай бололтой. Хэд юм бол?
-Нийт 25000 үзэгч багтдаг юм байна.

-Андуураагүй биз дээ, 25000 гэв үү?
-Тийм ээ. Тийм том танхим. Сүүлийн үед барьж байгуулсан бололтой, шинэхэн харагдаж байна. Энэ олон дундаас ганц нэг суудал олдох байх, монголчууддаа үзүүлчих юмсан гээд асуутал “Бүх тасалбар зарагдсан” гэдэг байгаа. Бүр гайхсан. Гэтэл орой тоглох үедээ анзаарахад үнэхээр сул суудал үгүй юм шиг санагдсан. Солонгосчууд энэ “Go & Come” театртаа ирэмтгий, ер нь хөгжим, дуу сонсох дуртай юм байна гэж ойлгоод байна.

-Та түрүү жил бас энэ оркестртой тоглосон. Тэгэхэд ямар бүтээл эгшиглүүлсэн юм бэ?
-Мөн л энэ III концертыг тоглосон. Тухайн үед таалагдсан болохоор энэ удаагийн, олон улсын уран бүтээлчдийг цуглуулсан наадмаар дахин тоглуулъя гэжээ.

Морин хуурчтай ийнхүү товч ярилцсан юм. Өглөө эртлэн холбогдон, харилцан ярилцаж байснаа 08.00 цагийн үед хэсэг зуур таг болчихов. Өглөөний цайгаа уухаар гарав бололтой гэж бодтол мань хүн оркестртой бэлтгээд орж ирлээ гэх нь тэр.

“Ийм эрт үү?” гэхэд “Харин тийм ээ. Энд  хүмүүс ийм. Ямар ч ажлыг маш хурдан амжуулдаг. Шуурхай байгаа биз” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!