Тээвэрлэлтэнд явж буй жолоочид машинаасаа буухгүйгээр ажиллана
Гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тээвэрлэлт хэвийн явагдаж эхлэсэн. Гашуун сухайт, Алтанбулаг зэрэг боомтоор нүүрс тээвэрлэлт хийж өдөрт 20-40 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна. Мөн БНХАУ-д жолооч буухгүйгээр тээвэрлэлт гүйцэтгэж ажиллах юм.
Энэ тухай Зам Тээвэр Хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилт зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Алтанбулаг боомтоор өдөрт 10 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Гадаадын жолооч нарыг буцааж байгаа бол монгол жолооч нарыг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж баайгаа бөгөөд одоогийн байдлаар 42 жолоочийг тусгаарласан байна.
Мөн Гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш 292 тээврийн хэрэгслээр 20825 тонн нүүрс, зэсийн баяжмалын хувьд 3274 тээврийн хэрэгслээр 118 тонн баяжмал тээвэрлэсэн байна. Шивээ хүрэн боомтын хувьд 2020 оны гуравдугаар сарын 28-наас тээвэрлэлт эхлүүлж, 236 тээврийн хэрэгслээр 6800 тонн нүүрс тээвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар 10 мянга 785 тонн дизель түлш, 3898 тонн бензин, 2000 гаруй тонн хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Цаашид экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Дорнод аймгийн Баянхошуу боомтоор газрын тос, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор төмрийн хүдэр, Ховд аймгийн Булган боомтоор нүүрсний тээвэрлэлтийг тус тус эхлүүлэхээр ажиллаж байна" гэж мэдээллээ.
Т.Алтанзагас