Б.Эрхэмбаяр: Манай пийшин хуучирсан, дотор хэсэгтээ тортог, хар нүүрс үүссэн байсан
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн ажилтан, инженерүүд дуудлагаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухыг засаж үйлчилж байна. Энэ удаад Чингэлтэй дүүргийн 12-р хорооны булгийн 19-1177к тоотод оршин суух Б.Эрхэмбаярынд дуудлагаар очиж үйлчлэхэд ханан пийшин нь жавар хурж, их хэмжээний охь, үнсээр дүүрчээ.
Он удаан жил хэрэглэсэн пийшинг засахад ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд энэ удаад “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд цалингаа хандивлан залуу гэр бүлд тусалж, пийшин зуухыг бүрэн шинэчлэн, барьж өглөө.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12-Р ХОРООНЫ ОРШИН СУУГЧ Б.ЭРХЭМБАЯР:
Хоёр хоногийн өмнө гал түлэхэд пийшин огт халахгүй, их утаа гарч байсан. Тэгээд “Тавантолгой түлш” компани руу залгаж дуудлага өгсөн. Ирээд үзэхэд манай пийшин нэлээн хуучирсан, дотор хэсэгтээ маш их хэмжээний тортог, хар нүүрс үүссэн байдалтай байсан. Харин одоо тус компаниас хуучин пийшинг буулгаж, технологи, стандартын дагуу шинээр пийшинг барьж өгч тусалж байгаад баяртай байна.
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА Д.ЭНХ-АМГАЛАН:
Засвар үйлчилгээний төв нь айлын ханан пийшин, нам даралтын зуухын аюулгүй байдлыг шалгаж, зарим засвар үйлчилгээг үзүүлж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна. Шаардлагатай үед яндан хөөлөх ажил хийгддэг. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд нэгэн залуу гэр бүлийн шаардлага хангахгүй ханан пийшинг нураан шинээр босоо худагтай пийшинг барих ажлаа эхлүүлээд байна. Үүнд манай ажилтнууд цалингаа хандивлан оролцож байна” гэлээ.Иргэд хавар галлагаагаа зогсоож намар гал түлж эхлэх зуны гурван сарын хугацаанд яндангаа бөглөж, ус орохоос сэргийлдэггүй. Мөн хөөлөлтийг тогтмол хийж чаддаггүй, түүнчлэн ханан пийшингээ технологийн дагуу бариагүйгээс болж угаартах эрсдэл үүсдэгийг мэргэжилтнүүд хэллээ. Мөн пийшин барихдаа зуух ханан пийшин хоёрын залгаагаас их хэмжээний утаа гаргах эрсдэл байдаг учраас сайтар битүүлж таглаж өгөх хэрэгтэйг санууллаа.
Б.Эрхэмбаярынх ам бүл гурав. Эхнэр хүүгийн хамт амьдардаг залуу гэр бүл. Тэднийх энэ оны дөрөвдүгээр сард байшингаа худалдан авч, гадна талыг тоосгоор өнгөлөн, засвар хийж байна. Он удаан жил ашигласан, хөөлөлт муу хийгдсэн, жавар их хурж, үнсээр дүүрэн байснаас үүдэж галлагаа хийсэн ч халалт муу, угаар гарах нөхцөл бүрджээ. Иймээс “Тавантолгой түлш” компанийн ажилтан, инженерүүд цалингаа хандивлан залуу гэр бүл Б.Эрхэмбаярынд шинээр ханан пийшин барьж, энэ өвөл аятай тухтай, дулаахан өвөлжих нөхцөлийг бүрдүүлж өглөө.
Эх сурвалж: Setguul.mn