Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар жилд 30 сая тонн нүүрс экспортолно
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явц сайн байгаа бөгөөд энэ зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдах юм байна.
Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байгаа бөгөөд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байгаа гэнэ.
Энэ төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэх юм байна.
Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсарч дуусаад байгаа аж.