Төмөр замын 15 мянга гаруй ажилтанд шинжилгээ хийж, 461-ийг тусгаарлаад байна
Төмөр замын хэмжээнд 15 мянга, 622 хүнийг шинжилгээнд хамруулахад 78 эерэг, 53 нь давтан шинжилгээгээр батлагдсан хариу гарч 461 хүнийг тусгаарлаад байна. Үлдсэн үлдсэн 315 хүнийг өнөөдөр шинжилгээнд хамруулах аж.
“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр Шуурхай бүлгийн хурлын үеэр хэлэхдээ, “Өчигдөр төв эмнэлэг 1417 хүнээс шинжилгээ авсан. Замын хэмжээнд 120 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа. Баянгол дүүргийн 83, 104 дүгээр байрны 861 иргэнийг ХӨСҮТ-ээс шинжилгээнд хамруулсан. Одоо 1-6 хороо, 24, 25 дугаар хорооны иргэдийг хамруулна” гэж танилцуулав.
“УБТЗ”-ын хэмжээнд өдөр тутмын ариутгалыг нийт 845 ажлын байранд 61 мянга, 266 м2 талбайд мэргэжлийн баг, мэргэжлийн байгууллагын хүчээр хийжээ.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.Үүнд:
-УБТЗ хүний нөөцийн судалгаанд анхаарал хандуулж, онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангах,
-Хоёр хилийн өртөөн дээр дамжуулах конторт хоёр талаас орж ирж байгаа бичиг баримтад туршилтаар арчдасын шинжилгээ хийх ажлын зохион байгуулах,
-Өртөө, зангилаан дээр хариуцан ажиллаж байгаа хүмүүс олон хүнтэй харьцахгүй, ажлын байраар явахдаа болгоомжтой, хамгаалах хэрэгсэл ашиглаж, ариутгал сайн хийх,
-Эрээний талтай сайн ажиллаж, төмрийн хүдэр зөөвөрлөх, ачих тал дээр үүссэн нөхцөл байдлыг агентуудаа явуулж газар дээр нь танилцаж асуудлыг шийдвэрлэх,
-Тулаа хийж байгаа ээлжийн ажилчдаа эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах, эмч ажиллуулж, дархлаа сайжруулах эм бэлдмэлээр сайн хангах,
-Төмөр замын цагдаагийн газартай ярьж, олголт хийж байгаа газарт хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж ажиллах,
-Сүхбаатар зангилаан дээр шинжилгээнд хамрагдаагүй байгаа 13 хүнийг харьяа байгууллагынх нь удирдлагад хэлж өнөөдөрт багтаан шинжилгээнд хамруулах,
-Сэлгээний бригад дуудагдан ажиллаж байгаа өртөө, газарт найруулагчийн бригадын хүмүүсийг тэрэгний бүхээгт оруулахгүй байх шаардлага тавих, эрсдэлд орохоос сэргийлэх,
-Чойрын амрах байрны тусгаарлалтад анхаарал хандуулж, заавар зөвлөгөө өгөхийг үүрэг болголоо.