Анна каренинагийн Монгол дурлал

Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжиг хэлбэрээр Монголын театрын тайзнаа амилав. Түүх сөхөж үзвэл энэ зохиолоор жүжиг бүтээж олноо толилуулсан нь анх 1936 онд Свердловскт (өнөөгийн Екатеринбург хот) тохиож, түүний дараа жил буюу 1937 онд Москвагийн уран сайхны театрт уг театрыг үндэслэгч В.И.Немирович-Данченкогийн найруулгаар тавьсан ба тэр цагаас хойш Орос болон бусад улс орны театрын тайзнаа гол төлөв эмгэнэлт, дуулалт гэх мэт жүжигт “төрөл арилжин” амьдарсаар ирсэн байх юм. Тайж ба язгууртны зиндааныхнаар төлөөлүүлсэн амьдралын хоёр шугамыг эсрэгцүүлэн, язгууртных нь нийгэм яаж доройтон нурж байгааг гол дүр Аннагийн эмгэнэлт хайр сэтгэлээр товойлгон харуулдаг энэ гайхамшигт зохиолоо Толстой 1870-аад оны дундуур тасралтгүй таван жил сууж бичсэн. Роман мэндлэхийн тухайд “дуншихаас нь аваад төрөх” хүртэлх сонин содон баримт ул мөр үлдээн энд тэнд тэмдэглэгдсэн байдаг. Жишээ нь, Аннагийн нэг эх дүрийг гоо үзэсгэлэнгээр нь Пушкины том охин Мария Гартунг хэмээх бүсгүйгээс, нөгөөг үхлийн шалтгаанаар нь хөрш зэргэлдээ байсан Анна Пирогова хэмээх эмэгтэйгээс, Вронскийн эх дүрийг Ломоносовын жичинцэр Николай Раевскийгээс, Облонскийн эх дүрийг Толстойн багын найз Василий Перфильевээс авч бүтээсэн гэх мэт). “Анна Каренина” романыг цэгнэж дүгнэсэн судлаачдын үзэл туурвил өнөө хэр уул овоо мэт буюу энэ нь уг роман уншигчдын анхаарлыг ямархан хэмжээнд татаж ирсний нотолгоо болно. Толстой романаа анх “Сүрхий хүүхэн” гэж нэрлэж үзсэн талтай. Харин зохиолын ноён нуруу гараад ирэхийн тэртээ хэдийгээр гол баатар нь зохиолын үйл явдал дуусаагүй байхад амиа зольдог ч их зохиолч хөөрхийлөлт дүрээ өрөвдсөн үү, өргөмжилсөн үү түүний нэрээр нэрлэсэн түүхтэй.
Мэдээж энэ зохиолын уншигч буюу жүжгийн үзэгчийн бодолд эн тэргүүн харвах асуулт бол буруутанг хайх тухайд байх болов уу. Библи судраас авсан “Хайр сэтгэлд бүү өшир. Бурханы тааллаар болдог юм” гэж орчуулмаар нэгэн сэдэл шүлэг романы нүүр хуудаст бий. Энэ айлдварыг адис мэт оройд нь залснаар зохиолч “зохиолын дотроос буруутанг хайгаад нэмэргүй” гэсэн санаагаа нэг мөр илэрхийлэв гэмээр ажээ. Ингээд хов живээс өөр хийх юмгүй язгууртны нийгмийг буруутгасан бодрол бясалгал урт түүхийн давалгаа болон ном хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн байна. Сонгодог зохиолын гайхамшиг нь он цагийн уртад үл гандаж, ой санамжаас эс гээгдэнэ. Харин ч ямагт үнэ цэнээ мэдрүүлж хаана, ямар ч нийгэмд үр шимээ үлдээж байх жамтай аж. Түүнээс хэн, юуг, ямар чинээгээр хүртэх нь тухайн хүнийх. Уран чанарт нь шимтэн сэтгэлийн таашаал авах, ухаарал гэгээрэл болж дотор хүнтэйгээ ярих, магадгүй амьдралд сургамжтай зүйлийг мэдэрч сэдэл санаагаа хөгжөөх гээд юу эс билээ. 
Оросын сонгодгуудыг тайзнаа амилуулсаар ирсэн баялаг туршлагатай, үүгээрээ ч 90 жилийн түүхэндээ бахархах урын сантай Монголын эрдмийн их театр энэ том бүтээлийг их хүч хөдөлмөр гаргаж үзэгч олонд толилуулж байгаагийн тухайд нийгэмд тусах үр өгөөжөөс нь ярихаар юм бишгүй. Урлаг бол гоо зүйн яруу цогцлол, тэр чинээгээрээ мөн нийгмийг ариусгах, гэгээрүүлэх нэг шижим гэдэг утгаар нь үүнийг ойлгууштай юм. Дашрамд хэлэхэд дунд сургуульд амьдрал, зан төрх, хүн чанар гэсэн асуудлыг илүүтэй ярьж хэлэлцдэг байсан ч сүүлийн жилүүдэд цагийг нь танан өөр хичээлийн хавсарга болгож, хэрэг дээрээ өөчлөх гоочлох болсон уран зохиолын хичээлийн нэг үүрэг үүнд л байдаг. Өнгөнд хэт шохоорхвол тэгнэ, мөнгөнд хэт шунавал ингэнэ гэх мэтийг зүгээр нэг дүрэмдэн ярьснаас зохиол уншаад асуудал томъёолон хэлэлцэх нь хувь хүний хөгжил төлөвшилд хэзээ юунаас үлдэцтэй байх болно. Жишээ нь, “Анна Каренина” романы дүрүүдээр ярилцлага хийж “Хайр сэтгэл гэж юу вэ. Аннагийн хайр сэтгэлд ямар татах хүч үйлчилж байна” (зохиолын доторх хайр, хүндлэл, хүсэл тачаал гэсэн ойлголтын эргэн тойронд) гэх мэт асуулт бүхий сэдвийг ахлах ангийн уран зохиолын хичээлд тусгалаа гэхэд хичээл цагтаа багтахааргүй яриа ч болж мэднэ. Хичээлээр энэ тухай ярих хэдийнэ өнгөрсөн ч харин театр энэ асуудлыг дэвшүүлэн тавьж танхим дүүрэн үзэгч амьсгал даран үзэж суугаа нь талархууштай. Театр үүргээ үүрч яваа нь энэ.
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт өмнө байгаагүйгээр ихэссэн тухай статистикийн тоо баримт хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр байсгээд л явж байна. Хайр сэтгэлийг ойлгох залуучуудын ойлголт өөрчлөгдсөн. Гэр бүл оршин тогтноход мөнгө чухал үүрэгтэй болсон, орчин үеийн залуучууд өрнийн хэв маягийн амьдралыг илүүд үзэх болж хөнгөн хийсвэр явдал газар авсан энээ тэрээ гээд бодол оюунаа чилээсэн судлаачид газар сайгүй нотлон ярьж байна. Цаг үе цаагуураа хувьсан өөрчлөгдөж, уламжлал, ёс заншлаа яриад суух заримдаа утгаа алдаж, нэг мэдэхэд санаа зовоосон олон асуудал арга тасарсан нийгмийн сэтгэл зүйд орон зайгаа эзлэн салъя гээд ч салахааргүй гүн бат оршин тогтнох бололтой. Нийгмийн оюун санаа хямарч доройтсоны уршгийг бид өнөөдөр газар сайгүй харж сууна биш үү. Тэгвэл үүний нэг шалтгааныг боловсролын агуулгаас, тэр дундаа уран зохиолын хичээлийн цагийг хумьсан шийдвэрээс хайхад юу нь буруу гэж. Үзэх юм туйлаас их, унших мэдээ гарын доорх утаснаас аваад газар сайгүй дэлгээстэй. Зүсэн бүрийн ший, үзвэр дэлгэцтэй бүхнээр хахаастай энэ цаг үед хүн оюун санаагаар цангана гэж байх уу. Харамсалтай нь байдаг ажээ. 
Боловсролоос хүнийг хүн болгоход чиглүүлдэг агуулгын хэсгийг хойш нь тавьж “сэтгэхүй хөгжүүлэх” нэрийн дор өрөөсгөл агуулгад дулдуйдахын горыг нэгэн цагт амсах нь гарцаагүй бололтой. Энэ нь нийгэмд мэдрэгдээд ирэхтэй зэрэг орхигдож мартагдсан хүмүүжлийн тухай ярьж, хүний төлөвшлийн асуудлыг хөндөж, IQ-г хөгжүүлэхээс гадна EQ гээч юм хэрэгтэйг ойлгож хэлэлцэж эхэлж байна. Энэ бүхэн тогтсон тууштай бодлого байхгүйн уршиг. 
Жүжиг рүүгээ эргээд оръё. Найруулагч Н.Наранбаатар жүжгээ хүнд хүргэх ялангуяа, залуусын сонирхлыг татах хэдэн өвөрмөц шийдэл оруулахыг зорьсон нь амжилттай болсон мэт санагдав. Энэ жүжгийг ХХ зууны уламжлалт буюу реалист арга маягаар дэглэж гэмээ нь залуучууд ингэтлээ сонирхох эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл найруулагчийн баримталсан мелодрам арга маяг, түүнийг дагасан хурц тод дүрслэл, дүрүүдийн эсрэгцүүлэл, сэтгэл зүйн хувирал бүхэн өнгө зохицлоо таатай олжээ. Ийм жүжгийг энэ цаг үед ингэж дэглэхээс өөрөөр яах вэ гэмээр. Ялангуяа, дүрийн төрх байдал, тайзны уур амьсгалыг хөдөлгөөнөөр илэрхийлэх талд манай театр их туршлага хуримтлуулж байгаа нь харагдаж байна. Энэ бүхэн хөгжим, бүжиг, тайз засалтайгаа хоршоод гоо үзүүлбэрийн шидийг олж, улмаар үзэгчид хүрч буй эффект буюу үр нөлөө зүгээр нэг яриан жүжгээс илүү давуутай нь онцгой ажээ. Тайз засалд нүсэр ажил болоогүй мөртлөө хийсвэр шийдлүүдийг оруулсан нь үр нөлөөтэй болж. Нэг жишээ хэлэхэд зарим онцлог эгшнийг жаазлан царцаасан байна. Тухайлбал, Вронскийд сэтгэл татагдсан Кити охиныхоо сэтгэлийн хямралаас болж Щербацкий гүнтэн гэр бүлээрээ гүн гунигт автсан эгшнийг “жаазтай зураг” болгосон байх ба Левин гарч ирснээр уг зураг амилан энэ гэр бүлийн “амьдрал цэцэглэж” байгааг тун ончтой гаргажээ. Бүх юм мелодрамынхаа хуулиар болж буй аж.
Зохиол талаасаа бодоход жүжигт тусах ёстой эгзэгтэй нэгэн үзүүлэлт бол дүрүүдийн сэтгэл зүйн төлөв байдал байх учиртай. Эн түрүүнд гол дүрийн сэтгэл зүйн хувирлыг яаж харуулав гэдэг энэ жүжигт амин чухал шийдэл болно. Сэтгэл зүйн диалектикийг тусгасан байдлаар нь уг романыг судлаачид, тухайн цагт амьдарч байсан суут хүмүүс туйлын их таашаасан нь олонтаа байдаг. Жишээ нь, “Гэм зэм”, “Солиот” гэсэн сэтгэл зүйн гайхамшигт роман туурвисан Ф.М.Достоевский Л.Н.Толстойн “Анна Каренина” романыг “хүний сэтгэлийн чанад нуугдах сэтгэл зүйн их боловсруулалтыг” гаргуун хийсэн бүтээл гэж үнэлсэн юм. Жүжигт үүнийг гаргахдаа найруулагч мөн л хөдөлгөөн, хөгжим, гэрэл, дүрийн дотоод сэтгэлийн хувьслаас илүүтэй гадаад хүчин зүйлийг давуу ашигласан нь харагдаж байна. Магадгүй тухайн арга маягт энэ нь илүү зохилтой байж мэднэ.
  Дүрийн дотоод сэтгэлийн илрэлийг гаргах нэг чухал хэрэглэгдэхүүнийг ирээдүйн буюу хойд дүр оруулах байдлаар шийдсэн нь зохиолын үзэгчид хүрэх тусгалыг хялбарчилж өгсөн төдийгүй сонирхолтой болгосон байна. Жүжигт гарч буй хоёр Анна бол найруулагчийн зорилгыг илэрхийлэх дөт арга юм. 
Судлаачдын тэмдэглэснээр Анна Каренина бол Толстойн хувьд хоёр гол онцлог агуулсан дүр билээ. Энэ нь түүний бүтээсэн дүрүүд дотроос Хаджи-Муратыг оролцуулаад хамгийн тод томруун буюу үйлдлийн зүй тогтлоороо Шекспирийн Гамлет, Отелло, Лир вантай дүйхүүц дүр ажээ. Сонирхолтой нь Толстой Фальстафыг таалдаг мөртлөө Лир ванг зэвүүцдэг байсан гэдэг. Хоёрт гэвэл “Анна Каренина”-д Толстойн баримталсан дүр бүтээх хууль түүний хүсэл зоригоос огт хамааралгүй “үйлчилсэн”. Аннагийн дүрд Толстойн үзэл бодол, философи, ёс суртахуун гэхээр юм юу ч байхгүй. Иймээс Аннагийн дүрийн сэтгэл зүйг Достоевский “гайхамшигтай” гэж үнэлсэн байх. Дүрийг зохиолч нь биш дүр зохиолчоо “удирддаг” тухайд Горький тэр хоёрын хооронд болсон нэг яриа бий. “Бүх зохиолч дүрээ амьдралд ямраар хармаар байна түүнд нь тааруулж дүрслэлээ бага зэрэг зохиомжилдог. Би бол (Горький) хорон санааг ямар ч хамаагүй аргаар, бүр хүчирхийллийн аргаар ч болов эсэргүүцэх хүсэлтэй, идэвхтэй хүмүүсийг таашаадаг гэж хэллээ. Гэтэл Толстой “Хүчирхийлэл гэдэг чинь хорлонтой зүйл шүү дээ” хэмээн дуу алдан гараас минь шүүрээд авав. Зохиолч минь, та энэ зөрчлөөсөө яаж гарна даа. Таны “Миний замын хань” зохиол чинь санаанаасаа зохиосон зүйл биш шүү дээ. Харин та бодоод бичих үед Зигфрид, Амадисуудтай төстэй хөлөг баатрууд хөврөөд эхэлдэг байхгүй юу” гэв. Энэ ярианд гарч буй хүчирхийллийн тухай санаа бол Толстойн хувьд “бүтээж буй дүрээ хүчлэн өөрчлөх” тухай бодол бясалгал руу ороод явчихаж байгаа хэрэг. Үүнээс ургуулаад бодоход Толстойн дүрийн хөгжлийн хуулиар уг зохиолоос буруутныг олъё гэвэл их төвөгтэй болно. Энэ зохиолд төгс төгөлдөр дүр бараг байхгүй. Нэг талаас харахад бүгд буруутай мөртлөө нөгөө талаас харахад хэн ч буруугүй мэт. Ямартаа л “Анна Каренина” романаар орсон нэгэн семинар дээр манай багш И.А.Дергачёв Герцен романаа “Хэн буруутай вэ” гэж нэрлэсэн бол Толстой “Хэн ч буруугүй” гэж нэрлэж болохоор байсан мэт ярьж билээ. Магадгүй тэр үед нийгэм, цаг үеийг буруутгасан судлаачдын байр суурь давамгайлсан байж болох талтай юм. Одоо доройтон нурж буй язгууртны нийгэм, Толстойн дэмждэг тариачны аж ахуйг эрхшээсэн тайж нарын суртахуун энэ тэр сонин биш, харин дүрийн хөгжлийн хууль нь сонирхолтой. Нарийндаа бол нийгэм, цаг үетэйгээ холбох ч тэгтлээ сонин биш, зүгээр л амьдралд хөл тавьж буй залууст сургамжтай. Үүний тухайд уран зохиол уншдаг, оюун бодлоо тунгааж орчин тойрноо түншдэг бус уу.
Толстойн хэлж бичиж үлдээсэн онч мэргэн олон үгсийн дотор “Хүн бүр л хүн төрөлхтнийг өөрчлөх гэдэг. Харин өөрийгөө өөрчлөх талаар хэн ч бодож үздэггүй” гэсэн нэг үг бий. Энэ ч мөн нөгөө л нүүр хуудаст өгсөн сэдэл шүлэгтэй (“Хайр сэтгэлд бүү өшир. Бурханы тааллаар болдог юм”) утга нэг өгүүлэмж юм. Үүнд л Толстойн урлагийн үзлийн мөн чанар орших ажээ. Урлагаас сайхан мэдрэмж авсан хүн түүндээ “татагддаг”, “тийм мэдрэмжийг амссан хүн зохиогчоос ялгалгүй сэтгэлээ цэнгээж мөн бусадтай ч нэгэн үзүүрт мэдрэмжээр нийлж байх ахул энэ нь урлаг болно. Харин сайхан мэдрэмжид татагдахгүй, зохиогчтой болон бусадтай ижил сэтгэлийн цэнгэл амсахгүй байх аваас энэ нь урлаг биш болно” гэж тэрээр үзэж байв. Урлагийг зөвхөн гоо зүйн үзүүлэлтээр нь үнэлдэг үзлийг эсэргүүцэхдээ Толстой “Урлаг бол таашаал, ая тух, зугаа цэнгэл бус харин агуу бодис, амьдралын чухал эрхтэн” гэсэн байдаг. Толстойнхоор урлагийн оршихуйн хууль ийм бөлгөө.
 
 
Ц.МагсарЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ