Setguul.mn

Өсвөр насныхны амиа хорлолт: Томчуудын анзаараагүй ямар зовлон нуугдаж байна вэ?

Хуваалцах:
Өсвөр насныхны амиа хорлолт: Томчуудын анзаараагүй ямар зовлон нуугдаж байна вэ?

Өсвөр насныхны амиа хорлолт нийгмийн анхаарал татсан эмзэг асуудлын нэг болсоор байна. Хүүхэд бүрийн ард гэр бүл, сургууль, найз нөхөд, нийгмийн орчин бий. Гэвч тэдний дотор юу болж, ямар дарамт, айдас, ганцаардалтай нүүр тулж байгааг томчууд тэр бүр анзаарч чаддаггүй.

Өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн 120 мянгатад өсвөр насны хоёр охин амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Урьдчилсан мэдээллээр 16 настай хоёр охин орон сууцны барилгаас унаж амиа алдсан бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхэлсэн байна.

Энэ хэрэг олон нийтийн дунд хүүхэд, өсвөр үеийнхний аюулгүй байдал, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг дахин хөндөв. Гэхдээ охидын амиа алдсан шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг шалгалтын эцсийн дүгнэлт гарахаас өмнө таамаглах боломжгүй юм.

Харин энэ хэргийн цаана бидний зайлшгүй анхаарах ёстой томоохон асуудлууд бий. Үе тэнгийнхний дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийлэл, цахим дарамт, бэлгийн дарамт, ганцаардал, сэтгэл зүйн хямрал зэрэг нь хүүхдийн амьдралд гүн нөлөө үзүүлж болзошгүй.

Хүүхэд асуудлаа хэлэхэд нь үл тоох, загнах, буруутгах, эсвэл “өсвөр насныхны ааш” хэмээн өнгөрөөх нь тэднийг улам ганцаардуулж мэднэ. Тиймээс хүүхдээ зөвхөн хичээл сурлага, дүнгээр нь бус, сэтгэл санаа, өдөр тутмын харилцаа, айдас түгшүүрээр нь ойлгох шаардлагатай байна.

Хүүхэд бүр тусламж хүсэхдээ үгээр илэрхийлж чаддаггүй. Заримдаа дуугүй болох, найз нөхдөөсөө хөндийрөх, зан ааш нь огцом өөрчлөгдөх зэрэг нь анхаарах ёстой дохио байж болно.

Бид хүүхдээ алдсаны дараа шалтгааныг нь хайх бус, амьд сэрүүн байхад нь сонсож, ойлгож, хамгаалж чаддаг байх ёстой. Өсвөр насныхны амиа хорлолтыг зөвхөн хувь хүний асуудал гэж харах бус, гэр бүл, сургууль, нийгмийн хамтын хариуцлагын хүрээнд авч үзэх цаг болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдсан бэ?

Сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд setguul.mn сайт хариуцлага хүлээхгүй.

  • Одоогоор сэтгэгдэл алга. Эхнийх нь та байгаарай!